Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид олон улсын болон улсын олимпиадад эхний гурван байр эзэлбэл төрийн сангаас их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах тэтгэлэгт хамруулдаг байсан. Гэтэл 2012 оны олимдиадад амжилт үзүүлсэн 92 хүүхэд төрийн сангийн тэтгэлгээр их, дээд сургуульд суралцаж байгаа гэж бодож явсан нь талаар болсон гэнэ. Тодруулбал, өнгөрсөн намар сургуульд элсэн орсон тэдэнд 2013 оны гуравдугаар сард төлбөрөө төлөхийг шаардаж, тэтгэлэг байхгүй болсон гэдгийг дуулгасан байна. Иймд тэтгэлгийн асуудлаар Төрийн санд хандахад “Төлбөрийн тэтгэлэг, үндэсний тэтгэлэг болох сар бүр олгодог 70200 төгрөгийн аль нэгийг сонгох ёстой байсан. Та нар 70200 тэтгэлгээ сонгосон байна” гэсэн хариу өгчээ.
Эдгээр 92 оюутанд ямар нэг сонголт хийх талаар мэдээлэл өгөөгүй байж, шууд 70200 төгрөгийн тэтгэлгийг дансанд нь оруулсанд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байлаа. Тэдний хувьд төлбөрөө төлөөгүйгээс болж шалгалтдаа орж чадахгүй, цаашлаад сургуулиас хасагдах дээрээ тулчихаад байгаа гэнэ. Тиймээс БШУ-ы сайд Л.Гантөмөр энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсч буйгаа уламжлав.