
“Монгол Улстай бизнес эрхлэх нь” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Хорват Улсын Эдийн засгийн танхимтай хамтран Загреб хотод зохион байгуулсан байна. Уулзалтын үеэр Гадаадын хөрөнгө оруулалтын газрын Б.Ганзориг Монгол Улсын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар Хорватын бизнес эрхлэгчдэд танилцуулж, Засгийн газрын зүгээс уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй бодлого, тодорхой төслүүдийн талаар танилцуулсан аж. Хорватын бизнес эрхлэгчдийн зүгээс эдгээр салбаруудад хөрөнгө оруулах, туршлага, технологи харилцан нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэнэ. Мөн уулзалтаар Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Хорватын эдийн засгийн танхимтай хамтран хамтарсан бизнес чуулга уулзалтыг энэ оны зургадугаар сард Улаанбаатар хотод хийх, дээр дурдсан гурван салбарт хамтран ажиллах сонирхол бүхий хоёр талын компаниудыг энэхүү уулзалтад идэвхтэй оролцуулах талаар ярилцсан байна.
Ж.ГЭГЭЭ