
Аялал жуулчлалын “Монголия экспедишнс” компани, Уулын хөтөчдийн холбооноос санаачлан ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвтэй хамтран Хархираа, Түргэний уулсад авиралт хийхээр болжээ. Уулчдын адал явдалт авиралтын зуны цугларалт зургадугаар сарын 15-21-ний хооронд үргэлжилнэ.
Зохион байгуулагчид энэ удаагийн сонгосон замаар өмнө нь хоёр удаа судалгааны авиралт хийж байсан. Өмнөх жилүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оргилд хараахан хүрч чадаагүй ч судалгаагаа амжилттай хийж, авиралт хийх боломжтой зам гэж тодорхойлжээ. Хамгийн гол нь уулчид болон цаначид Дэглий цагааны оргилоос сноуборд болон цанаар буух аж. Оргилоос цанаар буух нь сүүлийн үед дэлхийн экстрем спортынхны дунд өргөн хөгжиж байгаа төрөл. Манайхны хувьд ч бас цөөн удаа уулын оргилоос цана, сноубордоор уруудах туршилтыг амжилттай хийж байсан билээ.
Увс нуур, Ачит нуурын хооронд улсын хилээс нааш Ховд гол хүртэл үргэлжилдэг уулархаг нутгийг Хархираа, Түргэний уулс хэмээн нэрлэдэг. Алтайн нурууны салбар уулс Хархираа, Түргэний уулс нь олон сүрлэг сайхан оргилуудтай ихэр уулс юм. Хархираагийн уулсын ноён оргил нь Мөст уул 4037метр /далайн төвшнөөс дээш/, Түргэний уулсын ноён оргил нь Дэглий Цагаан уул 3965 метр /далайн төвшнөөс дээш/ юм. Хархираа Түргэний уулс нь Хархираагийн даваа гэсэн хөтлөөр хоорондоо тусгаарлагддаг байна. Хархираа, Түргэний уулсад мөнх цаст арав гаруй оргил, мөсөн голууд байдаг бөгөөд Монгол орны уулсын мөнх цас, мөсдлийн нийт талбайн 20 гаруй хувийг эзэлдэг ажээ. Олон нуурын хөндий гэж Хархираа, Түргэний уулсын дунд орших байгалийн үзэсгэлэн тэгширсэн, эргэн тойрон цаст уулсаар хүрээлэгдсэн тэгш тал газар бий. Уг хөндийд олон жижиг нууртай бөгөөд уулын хадархаг хэсгээр Монголд ховор вансэмбэрүү цэцэг ургадаг гэхчлэн өвөрмөц онцлогтой юм.
Хархираа түргэний уулсыг зорих авиралтад оролцох багууд зургадугаар сарын 15-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд цуглаж, авиралтаа эхлүүлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9909-6911 дугаарын утсанд холбогдож авна уу.

Авиралт хийх замын план зураг.