УМБГ, АТГ-т шалгагдаж буй дуулиант хэргүүд

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

УМБГ, АТГ-т шалгагдаж буй дуулиант хэргүүд

Төрөөс их хэмжээний мөнгө завшсан, хээл хахуулийн торонд “орооцолдсон” байж болзошгүй гэх, УМБГ болон АТГ-т шалгагдаж буй томоохон хэргүүдийг тоймлон хүргэе.

Төрийн банкны экс удирдлагуудыг УМБГ-т шалгаж байна

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан зургаан хүнийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлсэн. Тодруулбал, Тус банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг сэжигтнээр татан шалгаж байна. Дээрх ТУЗ-ийн гишүүдийг  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд танил талын хүмүүст орон сууц олгосон, тус бүртээ 90 сая төгрөг завшсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж байгаа юм. Өнгөрөгч нэгдүгээр сард Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэг болон тус банкны ТУЗ-ийн гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Үүний дараа Төрийн банкинд санхүүгийн шалгалт оруулахад ТУЗ-ийн зургаан гишүүн тус бүртээ сайн ажилласны урамшуулал хэмээн өөрсдийгөө 90 сая төгрөгөөр шагнасан байсан нь тогтоогдсон байдаг. Мөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ах, дүү хамаатан, садандаа зургаан хувийн хүүтэй зээл олгосон хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. ТУЗ-ийн гишүүдийг шалгах тухай мэдээлэл Авлигатай тэмцэх газарт ирсэн ч харьяаллын дагуу УМБГ-т шалгахаар болсон байна.

19 тэрбум төгрөг завшсан гэх ҮТЕГ-ын Ч.Гансүх нарыг үргэлжлүүлэн шалгаж байна

Үндэсний татварын ерөнхий газрын Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний бага хүү болон эгч  Ч.Даваасүрэн, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарыг  өнгөрөгч хоёрдугаар сард АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Тэднийг бусдаас их хэмжээний хахууль авсан, хууль бусаар гэнэт хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм.

Мөрдөн байцаалтын явцад ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн бага хүүгийн дансаар 16 тэрбум төгрөг эргэлтэд орсон, Америкт амьдардаг том хүүгийнх нь дансанд нэг сая гаруй ам.доллар эргэлдэж байсан,  аав болох 80 орчим настай н.Чимэдийн дансанд мөн 1.2 сая ам.доллар байршиж байсан гэдэг нь тогтоогдсон. Мөн ҮТЕГ-ын Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбатын дансанд мөн их хэмжээний мөнгөн хуримтлал байгаа нь ч тогтоогдсон юм. Энэ хэргийг шалгаж дуусмагц Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэн хянуулах юм.

“Саусгоби сэндс” мөнгө угаасан эсэхийг удахгүй тогтооно

“Саусгоби сэндс” компанийн удирдлагуудыг хээл хахууль өгсөн, мөнгө угаасан хэрэгт сэжиглэн Улсын мөрдөн байцаах газар /УМБГ/-т шалгаж эхэлсэн. Тус байгууллагын удирдлагуудыг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нартай хуйвалдан, цуцлагдсан лиценз сэргээсэн хэрэгт буруутгаж, өнгөрсөн оны зунаас эхлэн АТГ-т шалгаж байсан юм. Гэвч хэргийг шалгах явцад мөнгө угаасан байж болзошгүй гэх шинэ мэдээлэл гарч ирсэн тул харьяаллын дагуу УМБГ-т шалгахаар болсон юм. 

АМГ-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын  Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар хууль бусаар лиценз тараасан, сэргээсэн хэрэгт буруутай болох нь тогтоогдож ял сонсоод байгаа. Д.Батхуягийг хайгуул хийх эрхийг нь цуцлаад байсан “Саусгоби сэндс” компаниас хахууль авч, 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн дөрвөн лицензийг сэргээсэн  гэж буруутгасан. Харин мөнгө угаасан эсэхийг ийнхүү УМБГ-т шалгаж эхэлсэн юм. 

Т.Билэгтийг Интерполоор эрэн сурвалжилж байна

Улсын хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж ял эдэлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэх  Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга Т.Билэгт нарыг Олон улсын цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжлаад багагүй хугацаа өнгөрч байна. Гурван шатны шүүхээс Н.Энхбаярыг бусадтай бүлэглэн, хууль бусаар “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанид шилжүүлэн завшсан гэдэг нь нотолгоотой байна гэж үзсэн. Тухайн үед Н.Энхбаяр өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр 2012 онд “Эксон” гэх компанийг  шилжүүлж, өөрийн өмч хөрөнгөө нуун далдахыг оролдсон байдаг. Түүнчлэн Н.Энхбаяр “Өргөө” зочид буудлыг Б.Хуягийн “Хар дун” компанид  шилжүүлсэнтэй холбогдуулан энэ хоёр хүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн. Харин НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг хууль бус хувьчлалд ихээхэн дэмжлэг үзүүлж, шийдвэр гарган оролцсон хэрэгт сэжигтнээр татаад байгаа.

Архангайн экс Засаг даргыг саатуулан шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын эхээр Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг саатуулж, шалгаж эхэлсэн.  АТГ-аас түүнд албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.  Ё.Баатарбилэгийг өдгөө Зүүнхараа дахь Цагдан хорих саатуулаад байгаа билээ.

Багануурын Засаг даргын хэргийг хянаж байна

Багануур дүүргийн Засаг дарга асан Ц.Сандаг-Очирыг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцааж дуусч, хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байна.  Ц.Сандаг-Очирыг эрх мэдлээ хэтрүүлэн, иргэдэд хууль бусаар газар олгосон гэх үндэслэлээр өнгөрсөн 2012 оноос шалгаж эхэлсэн юм.

Хөвсгөлийн Засаг даргын орлогчийг тендер будлиантуулсан хэрэгт шалгаж байна
Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Очирхуягийг тендер хууль бусаар сонгон шалгаруулсан хэрэгт буруутган Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа. Түүнийг 2009-2010 онд хийгдсэн тендерийг хууль бусаар зохион байгуулсан гэдгийг хууль хяналтын байгууллага болон Мэргэжлийн хяналтын газраас тогтоосон байдаг аж.

Сэлэнгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн даргыг шалгаж байна

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Өлзийсайханыг бусдад авлига өгч албан тушаал дэвшсэн, бусдыг айлгаж, дарамтлан хахууль авдаг байсан гэх хэрэгт сэжиглэн саатуулаад байгаа. Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд Улсын мөрдөн байцаах газрын Мөрдөн шалгах хэлтсээс баривчлан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Эх сурвалжийн мэдэээлж буйгаар П.Өлзийсайханыг мөн албан тушаалаа урвуулан ашиглаж бусдыг дарамтлан биед нь халдаж гэмтээсэн гэх хэрэгт голчлон буруутгаж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж