Тян Ань Миний цуст аллагаас хойш 24 жил өнгөрчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Тян Ань Миний цуст аллагаас хойш 24 жил өнгөрчээ

Одоогоос 24 жилийн өмнө Хятадын удирдагчид Бээжин хотын Тян Ань Миний талбайд оюутнуудын эсэргүүцлийн жагсаалыг цэргийн хүчээр дарж, олон зуун залуусын алтан аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан билээ. Тэр цагаас хойш энэхүү цуст аллагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх олон нийтийн арга хэмжээ жил бүрийн зургадугаар сарын 4-нд болдог юм. Хятадын эрх баригчдын зүгээс Тян Ань Миний хэрэгтэй холбоотойгоор долоо хоногийн өмнөөс уламжлал ёсоор цахим ертөнцөд цензур тавьж, Бээжин хотод цэрэг, цагдаагийн хамгаалалтыг чангатгасан байлаа. Хятадад интернэтэд “Тян Ань Мин, лаа, өнөөдөр, өнөө орой” гэх мэт үгнүүдийн хайлт хориотой байв. Бээжин хотын Тян Ань Миний талбайд өчигдөр жуулчдаас өөр хохирогчдод хүндэтгэл үзүүлэхээр ирсэн хүн байсангүй. Учир нь цагдаа нар Тян Ань Миний талбайд нэвтрэгчдийн бичиг баримтыг нарийн шалгаж, хянаж цагдаж байсан аж. Түүнчлэн хууль хяналтынхан аль долоо хоногийн өмнөөс зарим нэг тэрс үзэлтнүүдийг барьж хорин, үлдсэн хүмүүсийнх нь утас, интернэтийг хаах арга хэмжээ авчээ.

Харин Хонг-Конгод байдал эсэргээрээ олон зуун иргэд гудамжинд лаа барин жагч, тэртээх 1989 оны зургадугаар сарын 4-ны аймшигт хэргийг нэхэн дурсчээ. Байгаль дэлхий хүртэл эмгэнэл илэрхийлж буй мэт санагдах бороотой өдөр Хонг-Конгод 150 мянга гаруй хүн хохирогчдын дурсгалыг хүндэтгэн шүхэр дор лаа барин жагссан байна. Энэ үеэр хэв журам сахиулахаар 54 мянган цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэжээ. Олон зуун жагсагчдын зүгээс Хятадын шинэ дарга Си Жинпинд хандан интернэтэд тавьж буй цензурыг арилгах, хоригдож буй тэмцэгчдийг суллахыг шаардаж буйгаа илэрхийлсэн байна.

Хонг-Конгод өнгөрсөн жилийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд 180 мянган хүн оролцож байсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж