
Тэрбээр шинэ албанаасаа өмнө Хүний эрхийн үндэсний комиссын дарга болгох гэж чамгүй зүтгэсэн. Гэвч тухайн үед шийдвэр Д.Алтайгийн бус Ж.Бямбадоржийн талд гарсан. Харин УИХ-ын гишүүн асан, Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Алтай намынхаа Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр үлдсэн. Улиран, улиран л сонгогдоод байгаа.
Янз нь Ардын намын дарга нар “Д.Алтай хатагтайн албан тушаалын зэрэг дэвийг байх ёстой хэмжээнд нь барьж үлдэх нь зөв” гэж үздэг байж болох. Энэ удаад намынхаа хамтран зүтгэгч М.Тогтохням даргыг албанаас нь “мөргөсөн”-өөс нь үзвэл энэ дүгнэлт оргүй хоосон биш болов уу.
Уг нь намынх нь хүүхнүүд “Д.Алтай даргыг албанаас нь чөлөөлж, эмэгтэйчүүдийн холбоог шинэ сэргэг сэтгэлгээтэй залуу бүсгүйчүүдэд хариуцуулахгүй бол арай л биш ээ” гэж өөр хоорондоо шивнэлдээд байдаг юм билээ. Гэвч тэд өнөөдөртөө яаж ч бодсон Д.Алтай хатагтайн үеийнхний ахимаг насны эмэгтэйчүүдийн улс төрийн нөлөөг давж гишгэж чадахгүйдээ итгэчихсэн байна билээ.
Уг нь “Ардын намд шинэчлэл хийсэн” хэмээн ярих дуртай дарга нар нь “Д.Алтай эгчээс өөр дарга болчих боловсон хүчин манай намын 150 мянга гаруй гишүүн дунд багц, багцаараа байгаа даа” гэж бодсон бол хариу нь өөр гарах байсан нь тодорхой. Эс бол “Зарим нэгэн хүн дарга л хийхгүй бол амьдарч чадахаа больчихдог юм” гээд ил тодоор зарлачихвал төрийн албанаас шинэчлэл хайж эрэлд гарах хэрэг сэтгүүлч бидэнд ч байхгүй болно шүү дээ. Энэ тохиолдолд би лав хувьдаа Д.Алтай даргыг “Ардын намын “алтан” хатагтай” гэдэгт итгэнэ ээ.

"Улс төрийн тойм" сонин