Улстөрчдөд хэдэн гашуун үг хэлээд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өөрийгөө сурталчилж, олны танил болчихвол санасандаа хүрэх нь тэр. “Хамтарсан Засгийн газар огцор”, “С.Батболд огцор”, “Ардчилсан нам Ардын намын “өвөр”-өөс гар” гэсэн хатуухан үгтэй хэдэн лоозон хямд үнээр хэвлүүлчихнэ. Бүр болж өгөхгүй бол “Биднийг чиглэсэн улс төрийн шахалт ихэсч байна. Бид ард түмний төлөө тэмцэж байгаа учраас ард түмэн биднийг хамгаална. Ард түмнээсээ хамгаалалт хүсч байна” гээд дахиад нэг хэвлэлийн бага хурал хийхэд л хангалттай. Хүмүүс нам байгуулж, карьер хөөж болоод байхад бид яагаад болохгүй гэж. Үзээд алдана аа.
Өчигдөр гэхэд Монгол хүний төлөөх нам гэдэг нэртэй нам үүдээ нээж, өрхөө татсанаа зарласан. Тэд УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөж, найман хүнтэй бүлэг байгуулах хэмжээнд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Гол зорилго нь монгол хүний төлөө ажиллах. Сайн, муугаар хэлүүлээд байгаа одоогийн аль ч нам монгол хүний төлөө ажиллаагүй гэдгийг тод тодотгоод өөрсдөө л түүнийг хийж чадна гэсэн.
Зорилго нь гоё ч гэсэн биднийг хуурчихвал яана. Итгэхэд хэцүү шүү дээ. Ингэж нам байгуулах дуртай улстөрчдөд хууртаж байхаар дээр хэлсэн санаагаа өөрөө л хэрэгжүүлье. Хэн нэгэнд хууртагдаж тэнэг царайлж байхаар цэцэн юм шиг харагдсан нь надад, танд, бүгдэд нь ашигтай. Намаа албан ёсоор бүртгүүлчихээд албан ёсоор саналаа хэлнэ ээ. Тэр үед итгэлээ алдаж тоглуулах эсэхээ сонгогч та өөрөө мэдээрэй. Би тоглох дуртай гэдгээ нуухгүй ээ.

"Улс төрийн тойм" сонин