
Бидний төдийлөн ач холбогдол өгдөггүй нийслэлийн ногоон байгууламж, замын хажуу талаар ургасан улиас зэрэг модод тулгамдсан асуудал болсон утаа, униар, шороо тоосыг багасгахад хамгийн чухал үүрэгтэй. Гэтэл сүүлийн 3-5 жилийн хугацаанд ногоон байгууламжийн арчилгаанд улсын болоод нийслэлийн төсвөөс багахан хэмжээний мөнгө л зарцуулдаг байжээ. Нийслэлийн захирагч Г.Мөнхбаяр өнгөрсөн оны сүүлчээр энэ онд хот тохижилтын ажил, тэр дундаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сайжруулахад зарцуулах хөрөнгийг өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдүүлнэ хэмээн амлаж байсан. Нийслэлийн удирдлагууд ногоон байгууламжид хөрөнгө оруулалт хийдэггүй байсан алдаагаа ухаарч хэлсэндээ хүрсэн. Тодруулбал, нийслэлийн зургаан дүүрэгт нийтийн өмчийн ногоон байгууламжийг сайжруулахад зориулж тус бүр нэг тэрбум төгрөгийн төсөв баталжээ. Ингээд өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн одоог хүртэл Улаанбаатарын хаа сайгүй улиас тайрах ажил идэвхитэй өрнөөд буй нь энэ юм. Иргэд “Ногоон байгууламжийн өнгө, үзэмжийг сайжруулах ажлыг хийж эхэлсэн нь сайн” хэмээх үнэлгээг хэлж байна. Тэд сайшаахын хажуугаар мод тайрах, хэлбэржүүлэх ажлыг мэргэжлийн хүн зохих зааврын дагуу хийж байна уу гэдэгт санаа нь зовниж буй ажээ. Огтолсон модны мөчирийг түлш, үрсэлгээний зориулалтаар ашигладаг. Энэ нь модыг хэт их тайрч буйн нэг шалтгаан юм байна. Тохижилт үйлчилгээний компаниуд огтолсон модны мөчрөө 10, 20 мянган ширхэгээр нь үрсэлгээний зориулалтаар зардаг аж.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга М.Тунгалагаас энэ талаар тодруулсан юм. Тэрбээр “Одоо моддын нахиалах цаг болчихоод байна. Энэ үед нь модыг тайрч, таслах ёсгүй. Түүнчлэн уг ажлыг мэргэжлийн бус хүмүүс гүйцэтгэж байгаа харагддаг. Буруу тайрах нь ургалтад сөргөөр нөлөөлөх магадлалтай” хэмээв. Харин Хот тохижилтын газрын Тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга Д.Батцэцэг “Мод тайрах ажилд мэргэжлийн бус хүмүүс оролцож байгаа нь үнэн. Гэхдээ бүгдээрээ тийм биш” гэдгээс өөр хариулт хэлсэнгүй. Улмаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүдээс энэ талаар асуухыг зөвлөлөө. Хот тохижилтын газар уг ажилд оролцож байгаа бөгөөд мэргэжилтнүүд нь мод огтлох тохиромжтой цаг дууссаныг, мэргэжлийн бус хүн тайрч байгааг мэдэж байгаа юм билээ.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Н.Батсүхтэй уулзлаа. Тэрбээр дүүргүүдийн тохижилтын хэлтэс, компаниудад зөвлөгөө, чиглэл өгч, мод тайрах ажлыг ерөнхийд нь хариуцаж байгаа аж. “Ногоон байгууламж байгуулах, мод тайрах ажлыг мэргэжлийн хүн зохих стандартын дагуу хийж байна уу” хэмээх асуултад дараах хариултыг өглөө.
-Мод огтлох, хэлбэржүүлэх ажлыг энэ сарын 10-нд дуусгахаар төлөвлөж байсан. Гэсэн ч нийслэлийн хэмжээнд уг ажил дуусах хараахан болоогүй байна. Өмнө нь Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид, мэргэжлийн бус хүмүүс уг ажлыг дангаараа гүйцэтгэж байсан. Харин энэ жилээс мэргэжлийн хүмүүс уг ажлыг хариуцан хийлгэж байгаа. Тиймээс буруу тайрч, ургалтад нь нөлөөлнө гэсэн асуудал гарахгүй.
“Сүхбаатар тохижилт” компанийн инженер Я.Лхагвасүрэнгээс дараах асуултад хариулт авлаа.
-Мод тайрах хэлбэржүүлэх ажлыг чухам яаж хийх ёстой юм бэ. Зарим тайрчихсан байгаа модыг харахад хугалчихсан юм шиг харагдах юм. Бас өнгө үзэмж нь сайжирсан гэхээсээ илүү муудсан харагдах юм?
– Сүүлийн 2-3 жилийн хугацаанд хотын ургамал эзэнгүй болж гундсан. Энэ жил л мод огтлох, ногоон байгууламж байгуулах ажилд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байна. Хөгшин модны мөчрийг огтлох нь ургалтыг сайжруулахад ач холбогдолтой. Нуугдсан байсан нахиа, найлзуур гарч ирэх боломжтой болдог. Харин буруу огтловол модны ургалт зогсч, үхэх магадлалтай. Хамгийн гол нь усалгаа, арчилгаа их шаардлагатай. Нийслэлд ногоон байгууламжийг сайжруулах, мод огтлох ажлыг хийхдээ улиасыг голчлон тайрдаг. Мөн замын хажуу талын бут, сөөгийг хэлбэржүүлэн засдаг. Ингэхдээ хөгшин моддыг гүн, залуу моддыг өнгөц огтлох ёстой.
-Таны харж буйгаар моддыг буруу огтолж, тайрч байгаа тохиолдол байна уу?
– Би энэ чиглэлээр 30 гаруй жил ажилласан. Буруу огтолж байгаа хүмүүс энд, тэнд олон харагдаж байна. Нэгдүгээр хороолол, Хан-Уул дүүрэгт зориулалтын багаж, машингүй хүмүүс мод огтолж байна лээ. Ер нь сүүлийн үед хаа сайгүй л буруу огтлох болсон. Мэргэшсэн ажиллах хүч ч байхгүй байна. Дүүргүүдэд ажиллах хүч огт байхгүй.
-Модны нахиалах цаг болчихсон гэж байна. Танай компанийн ажил дуусах болоогүй байгаа юм уу?
-Нахиалах цаг ер нь бол болж байна. Тиймээс хэд хоногоос огтлох ажлаа дуусгана гэж бодож байгаа.
Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин