
Томчууд гэдэг үг баячууд, эсвэл эрх мэдэлтнүүд гэдэг өнгөөр сонсогддог болсоор удаж байна. Тиймээс дээрх гарчгийг биччихлээ. Улс оронд маань хөрөнгө мөнгөтнүүд олшрох тусмаа сайн шүү дээ. Ажлын байр нэмэгдэнэ, тэр хэрээр цөөн боловч айл өрхийн орлого нэмэгдэнэ, улсад төлөх татварын орлого өснө. Бид ингэж боддог. Гэтэл бидний нэрлэдэг томчууд дунд татвараа сар жилээр нь төлөлгүй “луу унждаг гарууд” бас байсаар байна. Саяхан Татварын Ерөнхий газраас зарим аж ахуйн нэгжийг татвараа яаралтай төлөхийг анхааруулжээ. Нэр бүхий есөн компани татварын их хэмжээний өртэй байгаа ажээ. Тэдний ихэнх нь уул уурхайн “акулууд”. Тэр дундаа нүүрс, төмрийн хүдрийн томоохон экспортлогчид ч өрөө төлөлгүй тэрбумаар тооцох хэмжээнд хүргэжээ. Тэдний нэг коксжих нүүрсний магнат “МАК” компани 20 гаруй тэрбум төгрөгийн өртэйгээр өртнүүдийн жагсаалтыг “тэргүүлжээ”. Түүний араас төмрийн хүдрийн хамгийн том экспортлогч хоёр компани бичигдсэн нь “Болд төмөр Ерөө гол”, “Алтайн хүдэр”, мөн алтны томоохон олборлогч “Олон-Овоот гоулд” компани ч татварт бага биш хэмжээний өртэй. Монголчууд “Өртэй хүн өөдөлдөггүй” хэмээн хэлэлцсээр ирсэн нь өр зээлийг багад нь барагдуулах дадалд сургах гэсэн санаа биз. Өнөөгийн нийгэмд бол өр зээлгүй хүн тун ховор. Үгүйдээ л цалингийн, хэрэглээний зээлээс эхлээд ажлынхаа газрын хэн нэгнээс унааны мөнгө зээлээгүй хүнийг олоход ховор болсон цаг үе. Гадуур гарч, дэлгүүр хэсэх завгүй хүмүүст зориулсан ажлын байрны худалдаанаас хувцасладаг нь олон. Гэвч дээр нэр дурдсан компани, аж ахуйн нэгжийн татварын өр зээлийг эгэл иргэдийн өдөр тутмын хэрэглээний багахан зээлтэй зүйрлэх аргагүй. Учир нь тэдэнд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж бий. Тэд төлөхгүй байхад бид… гэсэн барьцаа багахан компаниас гаргахыг үгүйсгэх аргагүй. Татвараа цаг хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжийг нийтийн дунд зарлахаас өөрөөр авсан арга хэмжээ үнэндээ үгүй. Алданги тооцож, торгууль ногдуулах боловч өр төлбөрийн хэмжээг нэмэхээс хэтрэхгүй. Ийм тохиолдолд хэрхвэл зохистойг бодож болгоох цаг болсон юм биш үү. “Алтайн хүдэр” ХХК л гэхэд саяхан хэвлэлийн баатар болтлоо мөнгө цацсан. Нутаг орныг нь цөлмөж үгүйрүүллээ гэж хэлсэн ам болгоныг мөнгөөр “таглаж”, хэвлэл мэдээллийн байгууллага бүрт реклам нийтлүүлэн үргүй хөрөнгө цацаж байхынхаа оронд татвараа төлсөн болоосой гэсэн харуусал төрж байлаа. Эзэд нь өндөр дээд албан тушаал хаших тусмаа тухайн хүний хувийн аж ахуйн нэгж байгуулллагын үүрэг хариуцлага илүү сайжирдаг баймаар. Гэтэл улам л “муужраад” байх юм даа.
Татвар төлөгчийн нэр ба татварын өрийн дүнгээр манлайлагчдыг танилцуулъя.
1. “Монголын алт” – 20,6 тэрбум төгрөг
2. “Алтайн хүдэр” – 15,6 тэрбум
3. “Олон-Овоот Гоулд” – 9,8 тэрбум
4. “Болд Төмөр Ерөө гол” – 3,7 тэрбум
5. “Эм Жи Эйч” – 2,99 тэрбум
6. “Цемент шохой” – 1,5 тэрбум
7. Зоос банк – 1,4 тэрбум
8. “Жаст групп” – 993 сая
9. “Боршоон Буянт” – 868 сая
М.СУРА