Сонгуулийн зохион байуулалтыг эхэлж хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Сонгуулийн зохион байуулалтыг эхэлж хэлэлцэнэ

УИХ-ын 2012 оны сонгууль болоход жил гаруйн хугацаа л үлдлээ. Ийм богино хугацаа үлдчихээд байхад Ардын нам, Ардчилсан намынхан сонгуулийн тогтолцоон дээрээ тохиролцохгүй, бие бие рүүгээ нуруугаа ха­руулсаар байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асууд­лын жагсаалтын дөрөвдүгээрт байгаа  Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хугацаа нь хэдийнэ болсон. Гэвч мажоритар, пропорциональ, аль эсвэл холимог уу гэдэгт намууд дотооддоо ч санал зөрөлдөөнтэй байна. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд энэ талаар ямар байр суурьтай байгааг тодруулав.

УИХ ДАХЬ АРДЫН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Н.Энхболд бүлгийн хуралд мэдээлэл хийсэн. Сонгуулийн    тогтолцоог хэлэлцэхдээ Үндсэн хууль, парламентат ёстой уялдуулахыг цаг хугацаа шаардаж байгаа юм. Харин сонгуулийг элдэв луйвар, булхайгүй шударга явуулахад ямар асуудлыг шийдэж болмоор байна вэ гэдгийг өргөн барьсан хуулийн төсөлд зохицуулж өгсөн. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шаардлагатай 200-аад санал ирсэн. Энэ бүхнийг хэлэлцээд явъя. Процедурын шинжтэй зүйлийг нь даруй хэлэлцэж эхэлье гэдэг дээр Ардын намын бүлэг санал нэгдлээ. Бид ийм саналыг өмнө нь удаа дараа гаргаж байсан. Ажлын хэсэг хуулийн төсөлд боловсруулалт хийн сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаа, маргаан, санал авах, санхүүжилт, сонгуулийн үед хууль тогтоомж зөрчих хариуцлагатай холбоотой хэсгүүдийг нь дарааллын дагуу хэлэлцэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн юм. Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийг шударга явуулахтай холбоотой томоохон асуудал нь цаг хугацаа шаардах учир Төрийн байгуулалтын байнгын хороогоор хурдан хэлэлцэж, бүлгийн гишүүд идэвхтэй оролцох хэрэгтэй юм. Мөн зөвхөн зохион байгуулалт бус сонгуулийн тогтолцооны талаар ярих болно. Гэхдээ юун түрүүнд процессынхоо хэсгийг нэг тийш нь шийдвэрлэх хэрэгтэй. Дараа нь тогтолцооныхоо асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна.

УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛ­ГИЙН ДЭД ДАРГА Л.ГАНТӨМӨР:
-Сонгуулийн тухай хуулийн тогтолцооны талаар хоёр нам тохиролцож чадаагүй байна. Сонгууль явуулах үйл явцын талаар ярилцъя гэж байгаа. Гэхдээ энэ талаар санал зөрөлдөж байгаа асуудал бий. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар шийдвэрээ эцэслэн гаргаагүй байна.     

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж