Африк-эдийн засгийн өсөлтийн төв

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Африк-эдийн засгийн өсөлтийн төв

Япон улсын Ёокохамад Африкийн гурван өдрийн хурал, чуулган амжилттай болж өндөрлөв. Тус хурлын хаалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Ирэх жилүүдэд Африк тив дэлхийн эдийн засгийн өсөлтийн төвийн гол хөдөлгөгч хүч болох бөгөөд Япон улсын зүгээс Африкт хийх хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлэх шаардлагатай” гэжээ. Уг хурлыг Африкийн холбоо болон Япон улс хамтран зохион байгуулсан аж.

Тус улсын зүгээс Африкт 32 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амласан бөгөөд үүнд лалын шашинт цэргүүдийн асуудлыг шийдвэрлэх мөнгө ч багтаж буй. Гол өрсөлдөгч болох БНХАУ тус тивд маш хүчирхэг байр суурь эзлэх болсонд Япон улс нэлээд санаа зовсон шинжтэй харагдаж байгаа талаар ажиглагчид хэлж байна.

Африкийн газрын баялгийг хялбархан олж авахын тулд дэд бүтэц барьж байгуулахад хэтэрхий их хөрөнгө оруулалт хийх болсон талаар БНХАУ-ыг зарим шүүмжлэгч буруутгаж буй. Гэвч манай урд хөрш үүний эсрэг байр суурьтай байгаа аж.

Япон улсаас Африкт үзүүлэх таван жилийн тусламжид төр болон хувийн хэвшлийн салбарт ажлын байр бий болгохын тулд хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийг хөгжүүлэх талаар тусгаж өгчээ. Мянга гаруй африк хүнийг Японы компаниудад дадлагажигч хэлбэрээр сурч, ажиллах боломжоор хангахаар болжээ. Түүнчлэн 2000 орчим африк хүнийг терроризмийн эсрэг үйл ажиллагаанд сургахаар болсон талаар “AP” мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

 
Р.ГАНТУЛГА

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж