
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нээлттэй сонсгол өндөрлөлөө. Сонсголд УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүдээс гадна төрийн бус байгууллагын төлөөлөл оролцон тендер зохион байгуулахтай холбогдсон харилцааны асуудлын талаар санал гаргав. Худалдан авах ажиллагааны хөгжлийн төвийн тэргүүн Н.Отгонжаргал хуулийн зохицуулалтын талаар гаргасан саналдаа “Улсын мөнгийг хэрхэн зөв, үр ашигтай зарцуулах “арга” буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг гаргаснаас хойш арван жил болжээ. Энэхүү хууль нь 2000-2005 оны хооронд гүйцэтгэгч сонгох ажиллагааг түлхүү зохицуулах шинжтэй байсан бол 2005 оны шинэчилсэн найруулга нь зохицуулах зүйлийн хамрах хүрээгээ тэлж зохицуулалтгүй нилээд олон зүйлсийг хамруулжээ. Харин 2007,2009,1010 онуудад тус хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн дийлэнх нь хуулийн өөрийнх нь үндсэн зарчмаас илт хазайсан шинжтэй, ялангуяа гэрээлэх явдлыг Засгийн газар дангаар шийдэх, өрсөлдөөнийг хумих боломжтой байгаа зэрэг байгаа” гэв. Түүнчлэн “худалдан авах ажиллагааны үндсэн зарчим нь төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэхэд шаардлагатай байгаа бараа, ажил үйлчилгээг ард түмнээс татвар хэлбэрээр татан мөнгөний “зөв үнэ цэнэ”-ийг олж өгөхөд орших учиртай” хэмээн гол санаагаа тоймлосон байна.
Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүдийн зүгээс эргэлзээ бүхий асуултандаа мэргэжлийн хариулт авч байсан бөгөөд гаргасан санал бүрийг нэгтгэн хэлэлцүүлэгт оруулах болно гэдгээ амласнаар өнөөдрийн сонсгол өндөрлөв.
Б.Манд