АНУ мөнгөний бодлогоо шинэчлэхээр зэхэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

АНУ мөнгөний бодлогоо шинэчлэхээр зэхэж байна

Их гүрнүүд мөнгөний бодлогоо чангаруулж байна. Тэдний сүүлийг мушгиж АНУ-ын эрх баригчид хөдөлж эхэллээ. Тус улсын төв банк болох Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хорооны хурал энэ сарын 27-нд болно. Тэр үеэр мөнгөний бодлогоо хэрхэх талаар албан ёсоор шийдэх юм.

Санхүүгийн хямрал 2008 онд эхлэх үед Холбооны нөөцийн сан эдийн засгаа дэмжих зорилгоор “QE I” хөтөлбөрийг хэрэгжүүлж байжээ. Энэ нь дампуурлын ирмэгт тулж очсон томоохон банк, компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэдний хувьцааг худалдан авах замаар хөл дээрээ босоход нь туслах зэрэг олон зүйлийг өөртөө багтаасан юм. Тухайн үед энэ нь үнэхээр цаг үеэ олсон зөв шийдвэр болсон гэдэг дээр шинжээчид санал нэгтэй байдаг. Харин өнгөрсөн оны эцсээр “QE II” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм. Үүний хүрээнд АНУ-ын төв банк Сангийн яамныхаа бондыг 600 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсон билээ. Ирэх зургадугаар сард “QE II” хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дуусна. Холбооны нөөцийн сангийн энэхүү бодлогын хамгийн гол зорилго нь ам.долларын ханшийг сулруулах явдал. Учир нь 2008 оноос эхлэн Хятадын эрх баригчид юанийн ханшийг ам.доллараас уяж, өөрсдийн бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулсан. Тухайн үед юань зах зээлийн бодит ханшаасаа 40 хувь доогуур үнэлэгдэж байжээ. Энэ нь АНУ –ын экспортлогчдын хувьд хүнд цохилт болсон гэж зарим шинжээч дүгнэдэг. Хэрэглэгчид мэдээж хэрэг, хямд үнэтэй барааг нь сонгон худалдаж авна. Харин ам.долларын ханш чанга байгаагаас болж америкчуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, олон улсын зах зээл дээр илүү өндөр үнээр борлуулах шаардлагатай болсон юм. АНУ-ын эрх баригчид үүнээс болж эдийн засаг нь хүнд байдалд орсон гэж тайлбарлах болсон. Бүр төсвийн алдагдал ихэсч, Засгийн газрын өр 14 тэрбум ам.доллар болсны буруутанг Хятадаас хайх болсон юм. Тиймээс өнгөрсөн оноос эхлэн АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер тэргүүтэй албаны хүмүүс Хятадын талд нэлээд шаардлага тавьж, түүнтэй зэрэгцээд ам.долларын ханшийг сулруулахын тулд мөнгөний бодлогоо тэлсэн билээ. Үүний үр дүнд үнэхээр ам.долларын ханш суларсан. “QE II” хөтөлбөр америкчуудын хүлээж байсан үр дүнг авчирсан. Гэхдээ энэ нь эргээд инфляцийг хөөрөгдөх аюул дагуулж байна. Тиймээс “QE III” хөтөлбөрийн талаарх яриа хэсэгтээ л нам гүм байх бололтой.

“QE” гэж ямар хөтөлбөр вэ. Энэ нь богино хугацаанд зээлийг хүүг тэг рүү ойртуулж, төв банкны зүгээс Сангийн яамныхаа бондыг их хэмжээгээр худалдан авахад зориулж, хөрөнгө гаргахыг хэлж байгаа юм. Төв банк нь урт хугацааны бодлогын хүүгээ мөн л тодорхой түвшинд хүргэж буулгана. Онолын үүднээс авч үзвэл энэ нь эдийн засгийг тэлж, хувийн хэвшлийг дэмжих нэг гол нөхцөл болдог. Мэдээж хэрэг, өөр бусад хүчин зүйлс нөлөөлөхгүй бол санасан үр дүндээ хүрч чадна. Урт хугацааны инфляци бий болох эрсдэл бий. Гэхдээ тэр хугацаа нь эхлэхээс өмнө ямар нэгэн арга хэмжээ авах нь зүйтэй. Харин АНУ-ын хувьд “QE II” хөтөлбөр хэрэгжих явц нь олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ ид өсч байхтай давхацсан юм. Ойрхи Дорнодод болж буй улс төрийн үймээн, самуунаас болж газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын дотор 30  орчим хувиар өссөн. Брэнт маркийн нэг баррель газрын тосны үнэ 120 ам.доллараас давсан нь хөрөнгө оруулагчдыг нэлээд сандрагасан юм. Үүнтэй зэрэгцээд үр тарианы томоохон экспортлогч орнуудад байгалийн гамшиг нүүрлэснээс болж их хэмжээний ургацаа алдсан юм. Энэ бүхэн нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг даллаж, нөөц хомсдох аюул дагуулж байна. Зөвхөн газрын тос, хүнс гэлтгүй бусад түүхий эдийн үнэ өсч байгаа. АНУ-ын хувьд Холбооны нөөцийн сан инфляцийн түвшинг хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан. Одоогийн байдлаар энэ хязгаараа даваагүй байгаа боловч ам.долларын  ханш огцом суларч байгаа энэ үед инфляцийн өсөлт цаашид улам хурдацтай нэмэгдэнэ хэмээн шинжээчид таамаглаж байна. Тиймээс АНУ-ын төв банк мөнгөний бодлогоо өөрчилж, зээлийн хүүгээ нэмэн бүсээ чангалах цаг болсон гэдэг дээр эдийн засагчид санал нэг байна. Гэвч Холбооны нөөцийн сангийн Зөвлөлийн гишүүд санал хуваагдаад байгаа юм.

АНУ-аас гадна Европын төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын  хүүгээ нэмсэн. Хятад, Бразиль тэргүүтэй өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнуудын  хувьд хэдийнэ бүсээ чангалаад эхэлчихсэн. Саяхан цунамид өртөж, гамшигт нэрвэгдсэн Японы төв банк л одоо бусад эрсдэлийг үл тоомсорлож, зах зээл рүүгээ их хэмжээний иен нийлүүлж байгаа. Эс тэгвэл бизнес эрхлэгчид нь хямралаас гарч чадахгүйд хүрнэ. Одоогийн байдлаар их гүрнүүдээс зөвхөн Япон л мөнгөний бодлогоо сулруулсан хэвээр байгаа юм.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж