Ө.Одгэрэл. Amazon.com-д Монгол зохиогчтой ном нэгээр нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Ө.Одгэрэл. Amazon.com-д Монгол зохиогчтой ном нэгээр нэмэгдэв

Бодлогын судлаач, доктор (Ph.D) Ө.Одгэрэлтэй Европ, Америкт хэвлүүлсэн шинэ номынх нь талаар ярилцлаа.

-Танд баяр хүргэе. Чухам ямар ном хэвлэгдсэн бэ?
-ХБНГУ-ын Ламберт академик хэвлэлийн газраас миний бичсэн “Монгол Улсын Цахим Засгийн газрын бодлого” (e-Government policy in Mongolia) 128 хуудас бүхий ном англи хэл дээр энэ оны хоёрдугаар сарын 14 буюу Валентины өдөр хэвлэгдэн гарсан. Тус хэвлэлийн газар нь Герман, Англи, АНУ-ын ном, хэвлэлийн компаниудтай хамтран ажилладаг тул эдгээр орнуудад уг ном хэвлэгдсэн гэдгийг надад мэдэгдсэн. 

-Номын агуулгын талаар товч танилцуулна уу?

-Миний ном дөрвөн бүлэгтэй. Эхний бүлэгт онолын хэсэг, хоёрдугаар бүлэгт Монгол Улсын төрийн удирдлагын шинэчлэлт, Мэдээлэл, холбооны технологи (МХХТ)-ийн хөгжил, цахим Засгийн газрын өнөөгийн байдлыг Япон улстай сүүлийн зуун жилийн байдлыг хураангуйлан харьцуулалт судалгаа хийсэн юм. Энэхүү бүлэгт Окаяма мужийн мэдээллийн өндөр хурдны сүлжээ, миний хийсэн Ёкосука хотын цахим худалдан авалтын талаарх хоёр кэйс судалгаа байгаа. Харин гуравдугаар бүлэгт Монгол Улсад цахим Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгарч болох үндсэн зорилтуудыг Япон улсын жишээ, туршлагатай харьцуулан судалгаа хийсэн.  Төгсгөлийн бүлэгт дээрх судалгааны үр дүнд тулгуурлан ерөнхий дүгнэлтийг оруулсан юм.

-Ламберт академик хэвлэлийн газар танд ямар санал тавьсан бэ. Тус хэвлэлийн газрын талаарх мэдээллийг хаанаас олж авах вэ?
-Хэвлэлийн газраас миний дипломын ажлын удирдагч багш, Япон улсын Ёкохама үндэсний их сургуулийн доктор (Ph.D) О.Койкэ-аар дамжуулан надтай холбоо барьж, 2005 онд Японд миний  хийсэн “Монгол Улсад цахим Засгийн газрын бодлогыг нийцүүлэх: Япон улстай харьцуулсан судалгаа”-ны ажлыг хэвлэх хүсэлтийг тавьсан юм.

-Зохиогчийн эрхийн асуудал тийм чухал юм уу?
-Барууны орнуудад судалгаа хийж эхлэхээсээ өмнө судалгаанд оролцогч талууд эрх, үүргээ тохирдог жишигтэй. Жишээ нь тухайн судалгааг хэн гүйцэтгэх, өгүүллэг хэвлэхэд зохиогчийн нэрсийн дараалал зэргийг урьдчилан тохирох нь хожим үүсэх үл ойлголцол, маргаанаас сэргийлдэг. Гэхдээ бүхнийг урьдчилан төлөвлөх боломжгүй тул  зохиогчийн эрхийн тухай мэдлэг, зөвшилцөл, судлаачийн ёс зүй шийдвэрлэх үүрэгтэй л дээ. Би хэвлэлийн газрын саналыг хүлээн аваад удирдагч багшаар дамжуулан сургууль болон Дэлхийн банкны институттай зөвшилцсөн. Багш, сургууль бол ойлгомжтой. Харин яагаад Дэлхийн банкны институттай зөвшилцсөн бэ гэхээр миний судалгааны ажил 2005 онд тус хөтөлбөрийн 20 жилийн ойгоор шилдгээр шалгарч, 2006 онд “Шалгарсан диссертаци” номонд  хураангуй хэлбэрээр хэвлэгдсэн юм. Ингээд судалгааны ажлаа өнөөгийн байдлыг шинэчлэн Ламберт академик хэвлэлийн газарт хүргүүлснээс хойш долоо хоногийн дотор 128 хуудас бүхий номоо хэвлүүллээ. Ном хэвлэлтийг зөвхөн цахим шуудан, маягт, мэдээллийн санг л ашигласан. Ламберт академик хэвлэлийн газрын талаар http://www.lappublishing.com-аас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Энэхүү хэвлэлийн газар англи, германи хэл дээрх академик диссертаци, судалгааг хэвлэн худалдаа, сурталчилгаа, борлуулалтыг хариуцаж ажилладаг хэвлэлийн байгууллага юм. Олон улсын түвшний судалгааны ажил хийсэн диссертаци, судалгаатай бол хэвлүүлэх боломж байдаг гэдгийг уншигчдад мэдэгдэхийг хүсч байна.

-Үнэхээр долоо хоногийн дотор номоо хэвлүүлсэн гэж үү?
-Монголд ном хэвлүүлж байгаа туршлагыг олон улсынхтай харьцуулахыг хичээе. Өнөөдөр манайд зохиогч ном хэвлүүлэх, борлуулах үйл ажиллагааны бүхий л эрсдэлийг өөрөө үүрдэг. Санхүүжилт бол хамгийн том асуудал байдаг. Тэр тусмаа судалгааны номын зах зээл ямар билээ. Хэвлэлийн санхүүжилтээ шийдсэний дараа ч гэсэн манайд номын эх бэлдэж, хэвлүүлнэ гэдэг маш их хугацаа, хөрөнгө шаардсан ажил байдаг. Санхүүжилт олох, хэвлэлийн газруудаар гутлаа элэгдтэл явж, үнийн  судалгаа хийх, ISBN-ийн дугаар авах, эх бэлтгэх, борлуулах ажил зэргийг  биечлэн гүйцэтгэдэг. Хэвлэлийн эх бэлтгэгчийн хажууд дунджаар нэг сар сууна. Хэвлэлтээс гарсны дараа өөрөө номоо үүрч, гуйж борлуулна. Энд зохиогч өөрөө яг хэдэн хувь хэвлэхээ тооцохдоо ихэвчлэн туршлагад дулдуйдан тоймлон боддог. Монголын ном борлуулалтын зах зээл жижиг тул зарцуулж буй цаг, зардалтайгаа харьцуулах юм бол ашиг бага, алдагдалтай юм. Үүн дээр олон нийтийн сэтгэхүйн асуудал байна. Оюуны бүтээлийг үнэгүй авах сэтгэхүй олон нийтэд шингэсэн байдаг. Хэсэг хүн гарын үсэг зураад бэлэглэчих, нөгөө хэсэг нь түр хэрэглэе гэж аваад канонаар хувилаад  авъя гэдэг. Сүүлийн үед ийм хандлага бага зэрэг өөрчлөгдөж байгаа. Оюуны өмчийг хамгаалж байж, хөгжил ирнэ. Гэтэл хөгжилтэй орнуудад хэвлэлийн газрын үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжсэн байна. Үнэхээр цаг зав, зардал хэмнэж, эрсдэлийг бууруулж байна. Зохиогч нь зөвхөн бүтээлдээ л анхаарал хандуулахаас, нэгэнт сонгосон бол бүх ложистик ажлыг хэвлэлийн газар хариуцаж байна. Ингэхээр зохиогчийн эрхээ, өөрийн эрсдэлийн хамт хэвлэлийн газарт гэрээгээр шилжүүлж байгаа юм. Тэгэхээр давуу тал үүсч байгаа биз. Хэвлэлийн газрын формат, зааврын дагуу номын нүүр, нуруу, хавтасны зураг, хураангуй танилцуулгыг өөрөө сонгон номын эхээ pdf  хэлбэрээр файлын сервер илгээсэн. Ном хэвлэх үйл ажиллагааг зургаан үе шаттай асуулгын хэлбэрээр гурван цагийн дотор бөглөсөн. Харин долоо хоногийн дараа хэвлэгдчихлээ, тань руу шуудангаар явууллаа гэсэн и-мэйл ирсэн.     Номыг интернэт арилжааны Амаzon сайт (http://www.amazon.com/-аар худалдаалж байгаа.

Миний номыг Амазон-оор худалдан авч, шуудангаар хүлээн авч болно. Мөн уг хэвлэлийн газар нь Герман, Англи, АНУ зэрэг улсуудын номын сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажилладаг тул дээрх орнуудын дэлгүүрүүдээс энэхүү номыг худалдан авч бас болно. Харин зохиогчийн хувьд жилд нэг удаа хэвлэлийн компанитай тооцоо хийдэг. Хэрэв та сонирхож үзвэл энэ сайтад Монгол зохиогчтой ном цөөн, Баабарын “Монголын түүх” зэрэг түүх судлал, аялалын хэдэн ном англи хэл дээр байгаа.

Удахгүй манай хэвлэлийн газрууд номын эхийг бэлдэж, хэвлэн, худалдаалахад орчин үеийн мэдээллийн технологийн дэвшлийг бүрэн ашигладаг болно гэдэгт итгэлтэй байна.

-Ер нь таны бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдол юундаа оршиж байна вэ. Гадаадын хэвлэлийн компани худалдаж авсан гэхээр зүгээр л юм?
-Их бодит асуулт байна. Мэдээж миний хувьд бол яах вэ судалгааны ажлыг олон хүн дэлхийн аль ч өнцөгт байсан хамаагүй Amazon-аас худалдан аваад унших, танилцах боломжтой болж байгаа юм. Ер нь судалгааны номын зориулалт нь арилжааны ном, хэвлэлээс огт өөр. Мэдлэгийг түгээх, бусад хүмүүстэй хуваалцах зорилготой зах зээл юм. Иймд зах зээлийн хэмжээ багатай, бүтээл нь харьцангуй үнэтэй, бестселлер болох нь цөөн байдаг. Судалгааны үнэ цэнэ, үзүүлэх үр нөлөөг ишлэл тодорхойлдог. Хэдэн хүн миний бүтээлээс ишлэв гэдгийг бүртгэдэг. Ишлэл олон болох тусам бүтээл хүмүүст хүрсэн байна гэсэн утга агуулна. Хэсэг хугацааны дараа мэднэ дээ. Ач холбогдолын тухайд хэлэхэд цахим Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулахад судалгааны материалаар ашиглаж болно. Ер нь гадаад хэл, тухайлбал англи хэл дээрх дээрх Монголын тухай өгүүлэл, судалгааны бүтээл маш цөөхөн байдаг. Үүний зовлонг гадаадад байдаг Монгол оюутан, судлаачид болон гадныхан сайн мэднэ. Миний бүтээлийн хувьд Монгол, Японы цахим Засгийн газрын хөгжлийн талаар харьцуулсан судалгаа болохоор “Нэг сумаар хоёр туулай буудах” боломжтой гэж үзэж байна.

-Таны бодлоор цахим Засгийн газрын хөгжлийн үзүүлэлтээр Монгол Улс хэр байгаа вэ?
-Олон улсын байгууллагуудаас цахим Засгийн газар (E-Government Index)-ын индексийг жил бүр гаргадаг. Тухайлбал, НҮБ-аас гаргадаг 2004 оны үзүүлэлтээр  Монгол Улс  191 орноос 75 дугаарт байсан бол 2010 оны байдлаар 53 дугаар байрт орсон. Үүнээс дүгнээд хэлэхэд Монгол Улсын цахим Засгийн газрын өнөөгийн байдлыг хөгжиж буй орнуудтай харьцуулахад дундаж түвшинээс дээгүүр байна. “Монгол Улсын Мэдээлэл холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал”, “Цахим Монгол үндэсний хөтөлбөр”, “Цахим Засгийн ерөнхий төлөвлөгөө”-ний  хүрээнд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд төрийн захиргааны байгууллагуудыг компьютержүүлэх, мэдээллийн сан байгуулах, суурь бүтцийг бий болгох, гар утасны үйлчилгээг бүх сум суурин газарт хүргэх зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Манай улс нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн зарим үзүүлэлтээр Азийн улс орнуудын хувьд эхний 10 дугаар байрт орсон байгаа. Энэхүү бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлын хэсгүүдэд миний бие оролцож, тус салбарын чадварлаг эрдэмтэд, судлаачидтай хамтран ажилласнаараа бахархаж байна.

-Цахим Засгийн газрыг хөгжүүлэхэд цаашид ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бол?
-Эхний ээлжинд “Цахим Засгийн газар”-ыг зөв тодорхойлох нь зүйтэй болов уу. Олон улсын байгууллага, гадаадын улс орон бүр өөр, өөрийн онцлог, нөхцөл байдлаас хамааруулан  тодорхойлсон байдаг. Жишээ нь япончууд цахим Засгийн газрыг сайн засаглал гэж тодорхойлж, төрийн удирдлагын шинэчлэлийг гол үндсэн хөтөлбөрөө болгож байна. Өргөн уудам нутагт хүн ам тархан суурьшсан Монгол Улсын хувьд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх нь чухал ач холбогдолтой юм. Тодорхой цэгцтэй цахим Засгийн газрын бодлого, стратегигүйгээр бидэнд ямар хэрэгцээ, шаардлага байгаа, үйл ажиллагаагаа хэрхэн дэс дараалалтайгаар хэрэгжүүлэхэд хүндрэлтэй билээ. Монгол Улсад  цахим Засгийн газрыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд байгууллагын соёл, бизнес үйл явц, менежмент, санхүүжилтийг цогцоор нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. 

-Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандан юу хэлэх вэ?
-Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Интернэтийг эхлээд гадаадад байгаа садантайгаа харилцах шуудан, байгууллагын танилцуулга вэб сайт гэж л хүмүүс хүлээн авч байсан. Өнөө үед интернэт нь бидний амьдралыг эргэлт буцалтгүй өөрчилж буй технологи гэдэгтэй хүмүүс санал нийлэх байх. Залуучууд Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээнд цагаа өнгөрөөж байна. Бид худалдаа, арилжаагаа интернэтээр хийх нь ердийн үзэгдэл болсон. Засгийн газар ч өөрийн үйлчилгээгээ МХХТ-иор хүргэхээс өөр аргагүй боллоо. Түүнчлэн таны тухай мэдээллийг дээрх сүлжээнүүд, Google зэрэг хайлтын порталуудаас олж авч болох бүрэн боломжтой болж байна шүү дээ. Удахгүй дээрх сүлжээ, порталууд Монгол хэл дээр бүрэн ажиллах үед илүү боломжийг бүрдүүлнэ. Харин энэ бүхэнд бид бэлэн байна уу гэдэг асуултыг тавья гэж бодож байна.
 
-Бидний урилгыг хүлээн авч, цаг гарган ярилцсан танд их баярлалаа.


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж