
Кенийн марафонч Жеоффри Мутай Бостонгийн марафон уралдаанд хоёр цаг, гурван минут, хоёр секундын амжилт үзүүлж, албан бусаар дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Өдгөө марафон гүйлтийн дээд амжилтыг Этиопын домогт Хайле Гебреселласие 2008 оны есдүгээр сард Берлинд тогтоосон 2:03:59 цагийн амжилтаар эзэмшдэг билээ. Харин Мутайн амжилтын тухайд албан ёсны дээд амжилт болон бүртгэгдэхгүй. Учир нь өчигдөр болсон 115 дахь удаагийн Бостонгийн марафонд тамирчид уруу газарт уралдаж, салхины дэмжлэгтэй байсантай холбоотой. Өчигдрийн уралдаанд Мутайгаас ердөө дөрөвхөн секунд хоцорч, түүний нутаг нэгт Мосес Мосоп хоёрт оржээ. Уралдааны дараа Мутай “Би өөрийгөө сайн гүйж чадна гэдгээ мэдэж байсан, гэхдээ рекорд амжилтын талаар бодоо ч үгүй. Миний бүх юм ОК байсан. Бэлтгэлээ сайн базаасан болохоор өөртөө итгэлтэй байсан юм. Бас өөрийгөө дайчлахыг хичээсэн. Тал талаас салхилж байсан. Хэдийгээр салхи сөрж уралдаагүй ч тал бүрээс салхилж байлаа” хэмээн ярьжээ. Ийнхүү Бостонгийн марафонд сүүлийн 21 жилийн 19-т нь Кенийн тамирчин түрүүллээ.
С.Цэлмэг