
Хойд Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сард Йонбен дахь цөмийн цогцолборын үйл ажиллагааг сэргээх тухай мэдэгдсэн билээ. Тэгвэл АНУ-ын эрдэм шинжилгээний багийнхны хийсэн мэдээллээр Хойд Солонгосын Йонбён дахь цөмийн цогцолборын ажил дуусах шатандаа орсон байна. АНУ-ын Жонс Хопкинс их сургуулийн Америк-Солонгосын хамтарсан институтын эрдэмтдийн үзэж буйгаар Йонбён дахь цөмийн цогцолбор дахь үйлдвэрүүдийн ажиллагаа нэг юмуу хоёр сарын дараагаас идэвхижиж эхлэх гэнэ. Энэ тухай тус институтын дэргэдэх “38 North” сайтад мэдээлжээ. Америкийн эрдэмтдийн мэдээлснээр Йонбён дахь цөмийн цогцолборын хөргөлтийн системийг устгасны дараа дахин сэргээн засаагүй боловч нөөц хөргөлтийн систем нь ажиллагаатай байгаа гэнэ. Хойд Солонгос өнгөрсөн 2007 оны долдугаар сард гадаадаас тулсламж дэмжлэг авах гэрээний дагуу Йонбён дахь цөмийн цогцолбороо хааж, дараа жил нь хөргөлтийн системээ дэлбэлж устгасан аж.
Эрдэмтдийн мэдээлснээр Хойд Солонгосын одоо ашиглахад бэлэн байгаа нэг цөмийн реактор нь жилд ойролцоогоор зургаан килограмм плутон /цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэгддэг/ үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.
Хойд Солонгос өнгөрсөн арванхоёрдугаар сард пуужин хөөргөснөөс үүдэн НҮБ-ын шинэ хориг арга хэмжээтэй тулгарсан ба үүнийг эсэргүүцэн Йонбён дахь цөмийн цогцолборын үйл ажиллагааг сэргээхээ мэдэгдсэн юм. Түүнчлэн Хойд Солонгос 2006 оноос хойш гурав дахь удаагаа өнгөрсөн хоёрдугаар сард цөмийн туршилт явуулсан билээ.
Б.АНХТУЯА