Туркэд үймээний үеэр хоёр хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Туркэд үймээний үеэр хоёр хүн амь үрэгдэв

Туркийн эрх чөлөөний талбай гэж нэрлэгддэг Таксимд байрлах Гези паркийг буулгах шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал, цуглаан өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Истанбул хотоос эхэлсэн билээ. Өдгөө эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж Туркийн 67 хотод тархан, сөрөг хүчний нөлөөгөөр Ерөнхий сайд Тайип Эрдоганы Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн болж хувираад байгаа юм. Эсэргүүцэгчдийн зүгээс Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдоганыг огцорыг шаардаж, улаан дарцаг, уриа лоозон барин жагсаж байгаа аж.

Үүний зэрэгцээ Туркийн улсын үйлдвэрийн 240 мянган ажилчин Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн  жагсаал, цуглаанд нэгдэн, өчигдрөөс эхлэн хоёр өдрийн ажил хаялт зарласан байна. Түүнчлэн өнөө, маргаашнаас ажил хаялтанд их, дунд сургуулиуд, Засгийн газрын албадуудын ажилчид нэгдэхээ илэрхийлжээ.  Туркийн Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн ажил хаялтанд нийт 11 үйлдвэрчний эвлэл нэгдэх гэнэ.

Туркийн олон хотод цагдаа нар болон жагсагчдын хоорондох мөргөлдөөн үргэлжилсээр байгаа ба өчигдөр шөнө Антакъя хотод мөргөлдөөний үеэр зэвсэгт этгээд гал нээсний улмаас нэг хүн нас баржээ. Антакъя хотын албаныхны мэдээлснээр хохирогч нь сөрөг хүчний Ардын намын гишүүн 22 настай Абдуллах Комерт гэгч эрэгтэй байсан бөгөөд тэрээр бууны суманд хүнд шархтан, эмнэлэгт хүргэгдээд нас барсан аж. Үүнээс өмнө өнгөрсөн ням гаригт 20 настай Мехмет Аявалитас гэгч эмэгтэй Туркийн Истанбул хотод жагсаалын үеэр автомашинд мөргүүлэн нас барсан байна. Туркийн цагдаагийн газраас үймээн самууны үеэр нийт 1700 гаруй хүнийг баривчилсан ба хожим тэдний ихэнхийг нь суллажээ.

Харин Туркийн ард иргэдийн эсэргүүцлийн бай болоод буй Ерөнхий сайд Тайип Эрдоган жагсаал цуглааны нөхцөл байдал сайжирсан гэж үзэн Морокко улсад хийх айлчлалаа эхлүүлжээ. Туркийн нийт 67 хотод үргэлжилж буй үймээн самууны нөлөөгөөр дэлхийн зах зээл дээрх тус улсын хувьцааны гол индекс нь 10.47 хувиар унасан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж