“Майами” дорнод бүсийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

“Майами” дорнод бүсийн аварга боллоо

NBA-гийн дорнод бүсийн аваргаар “Хаан” Жэймс, Дуэйн Уэйд, Крис Бош тэргүүтэй “Майами Хит” баг шалгарлаа. “Майами” дорнод бүсийн аваргын цуврал долоо дахь тоглолтод “Индиана Пэйсэрс” багийг 99:76-гийн харьцаатай буулган авлаа. “Хож эсвэл гэртээ харь” үгийн дор явагддаг плей-оффын долоо дахь тоглолтыг “Индиана”-гийн залуус эрчтэй эхлүүлж, нэгдүгээр үед 21:19-ийн харьцаатай илүүрхэж өндөрлүүлсэн. Харин хоёрдугаар үед талбай дээрээ тоглож буй “Майами Хит”-ийн тоглолт сэргэж 33 оноо авсан бол “Индиана” ердөө 16 оноо авчээ. Ингэснээр өнгөрсөн жилийн аварга “Майами” энэ улирлын тэсрэлт болсон “Индиана”-г хожих боломжоо бүрдүүлсэн гэхэд болно. Өнөөдрийн тоглолтод өмнөх цуврал тоглолтуудад хангалтгүй тоглосон Дуэйн Уэйд, Рэй Аллэн нар жигд тоглолтыг үзүүлсэн. Уэйд өнөөдөр 21 оноо, есөн удаа самбараас бөмбөг авсан нь “Индиана Пэйсэрс” багтай хийсэн аваргын төлөөх долоон цуврал тоглолтын хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Харин “Хаан” Жэймс 32 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн юм.

Мөн “Индиана Пэйсэрс”-ийн залуус энэ тоглолтод маш эрт алдааны асуудалд орсон. Энэ хожигдлын гол шалтгаан нь боллоо. Мөн “Майами Хит”-ийн хамгаалалт сайн байсныг “Индиана Пэйсэрс” багийн лидер Пол Жорж ердөө долоон оноо авснаас харж болох юм. Харин цувралын бүхий л тоглолтод будагтай талбайд илүүрхэн, оноо авч байсан Рой Хиббэрт шийдвэрлэх долоо дахь цувралд 18 оноо авсан. Мөн түүний самбарын хослол Дэвид Уэст 14 оноо авчээ.
Багийн лидер Дэнни Грийнжергүй “Индиана Пэйсэрс” энэ улирлын NBA-д нэгэн шинэ тэсрэлтийг хийлээ. Дорнод бүсийн хүчирхэг “Майами Хит”-тэй маш сайн тоглож, ширүүн өрсөлдсөний эцэст ийнхүү хожигдлоо. Гэвч Пол Жорж, Жорж Хил, Рой Хиббэрт тэргүүтэй “Индиана Пэйсэрс” NBA-гийн аварга болоход гайхах зүйл огт алга. Тэд энэ жилийн дорнод бүсийн финалыг чимлээ гэхэд буруудахгүй биз ээ.

NBA-гийн аваргын төлөө ийнхүү “Сан Антонио Спөрс” болон “Майами Хит” багууд шалгарлаа. Аваргын төлөөх эхний тоглолтод зургаадугаар сарын 6-ны баасан гаригт эхэлнэ. 

Б.БИЛЭГ








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж