Сайншанд Монголын хөгжлийн түлхүүр болж чадах уу

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Сайншанд Монголын хөгжлийн түлхүүр болж чадах уу

Хуйсгануур хаврын энэ л өдрүүдэд говь нутагт шороо шуурч, нүд анивчлах нь нөгөө л янзаараа. Өнгө, өнгийн алчуураар толгойгоо боож, хуйлрах салхины өөдөөс хэнэг ч үгүй алхах говийн хүүхнүүдыг гайхмаар. Нөгөө л нэг шуурга. Нөгөө л нэг өсч, өндийж, туулж ирсэн говь нутгийн хэмнэл нь гэлтэй. Тэдний бодолд юу  нуугдахыг үл мэдэх ч Дорноговь аймгийн төв Сайншандад чуулсан хөрөнгө оруулагчдын санаа зорилго харин олны өмнө ил байлаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хөрөнгө оруулагчид өөрсдийн нууцаа Сайншандад дэлгэв. Дэлгэхдээ зүгээр ч нэг “Бид хөрөнгө оруулна. Итгэж болно” хэмээн цагаан амлалт өгөөгүй нь тодорхой. Дор бүрнээ ирээдүйн бизнесийнхээ төлөвлөгөөг дэлгэхийн зэрэгцээ аймгийн удирдлага болоод Монголын Засгийн газрын цаашдын зорилгыг нягт нямбай уудалж мэдэхийг тэд хүсч. Үүний төлөө Улаанбаатар хотын төвд болдог хөрөнгө оруулалтын чуулганд л олноороо цуглардаг жишгийг Сайншандад мөрдөв.  Мөрдөх, мөр­дөхдөө Монголын бизнесийн салбарт хүч үзэж буй 200 гаруй том зорилгын төлөө том хөдөлдөг хөрөнгө оруулагч тэнд цугларсан байлаа.

 Засгийн газрын зүгээс Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчийг Сайншанд руу илгээж, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төлөвлөгөөндөө хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэх үүрэг өгсөн бололтой. Аймгийн Засаг дарга П.Ганхуягийн хувьд ч тэр энэ үүргийг давхар үүрэлцэхийн зэрэгцээ “Шинэ Дорноговь” гэх өөрийн мөрийн хөтөлбөрийг ч олонд нэг зорилгын дор дэлгэхээ мартсангүй. Монгол Улсын 21 аймгаас онцгойлон хөрөнгө оруулагч, Монголын бизнес эрхлэгчдийг Сайншандад урих шалтгаан байгаа нь үнэн. Шалтгааныг Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 14-ний өдрийн Сайншанд аж үйлдвэр байгуулах тухай тогтоол та бидэнд баталж өгнө. Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яамнаас хийсэн урьдчилсан тооцоогоор бол уг цогцолборыг ашиглалтад оруулснаар 2010-2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 45 хувьд хүрч, шууд ажлын байр 76 мянга, шууд бус ажлын байр 152 мянгаар хэмжигдэх төлөвлөгөө бий. Үүгээр ч зогсохгүй хөгжлийг Сайншанд зөвхөн Дорноговийн төвд барих бус Монгол Улсын найман зүг, дөрвөн зовхист хөгжил “экспортлох” гол цэг болох ёстой. Энэ бүхнийг биелүүлэх хүч нь зөвхөн төрд бус хөрөнгө оруулагчдад, үйлдвэрлэгчдэд байгаа учраас тэд аж үйлдвэрийн цогцолборыг амаараа бус ажлаараа байгуулахыг хүсч буйгаа нуугаагүй. Цаасан дээр буусан Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын төлөвлөгөөнөөс харвал тус аймагт 20 төсөл хэрэгжиж, 20 үйлдвэр байгуулна гэж ойлгоход буруудах зүйл үгүй. Тэр бүхэн мах боловсруулах үйлдвэр, фермерийн аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр, барилгын материалын үйлдвэр гээд цааш үргэлжилнэ. Энэ дунд Үлэг гүрвэлийн музей, цэцэрлэгт хүрээлэн, Хүүхэд, залуучуудын танин мэдэхүйн чөлөөт цагийн төв ч багтаж байгаа.

Тэгвэл хөрөнгө оруулагчдаас хамгийн их дэмжлэг хүсч буй чиглэл нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын зэрэгцээ Тавантолгой-Зүүнбаян-Сайншандын чиглэлийн төмөр зам, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс, Замын-Үүд болон Ханги хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг авах зорилго аж. Тавантолгой-Зүүнбаян-Сайншандын чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар Тавантолгойгоос олборлосон алт, зэс, нүүрсийг Сайншандад хүргэж, боловсруулан нэмүү өртөг шингээсний эцэст дэлхийн зах зээлд борлуулах боломжтой. Дэлхийд гарах гарц нь мэдээж Оросын нутаг. УИХ энэ асуудлыг аль хэдийнэ шийдсэн учраас хөрөнгө оруулагчид нэг их асуудал болгож тавьсангүй. Гэхдээ энэ нь Хятадын хилийг ашиглахгүй гэсэн үг биш учраас хөрөнгө оруулагчдын хувьд Замын-Үүдийн чөлөөт бүсийг хэзээ хөгжлийн голдиролд нь оруулсан шиг оруулах вэ гэдгийг сонирхож байгаа нь дуулдсан. Энэ тухай “Сайншандад аж үйлдвэрийн парк байгууллаа гэхэд Замын-Үүдийг хөгжүүлэхгүй бол ажил урагшлахгүй. Харин ч бүр Замын-Үүдэд агуулах бүхий байгууламжийг түрүүлж байгуулах хэрэгтэй. Төмөр замыг хоёр урсгалтай болгож, наад зах нь мянган вагон зогсох боломжтойгоор зохицуулахгүй бол Сайншандад боловсруулсан бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх боломжгүй болно” хэмээн санал бодлоо илэрхийлэх хүн олон тааралдаж байлаа. Түүнчлэн “Замын-Үүдийг хөгжүүлнэ гэж бид нар гадаадын хөрөнгө оруулагчдыг 10 гаруй жил л харлаа. Одоо үндэсний хөрөнгө оруулагчдынхаа хүчийг энэ цэгт төвлөрүүлэх цаг болсон. Тэгээд ч 900 га гэдэг бол чөлөөт бүс байгуулахад оновчтой талбай биш. Үүний оронд энэ талбайг 42 мянган га болгож нэмэх хэрэгтэй” гэдэг саналыг ч хэлж байсан. Нэг ёсны энэ нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгууллаа гэхэд түшиц дэд бүтцийг нь урьтаж хөгжүүлэхгүй бол асуудал зөв замаар урагшлахгүй гэсэн зөвлөгөө. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх энэ үеэр “Та бүхнээс Сайншандыг чөлөөт бүс болгох саналыг албан ёсоор дэвшүүлээч гэж хүсмээр байна” гэх санал хэлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар нь “Засгийн газрыг ийм саналтай байгаа гэж ойлгож болох уу” хэмээн асуухад тэрбээр “Миний хувийн бодол” гэдэг тайлбар өгсөн юм. Хөрөнгө оруулагчдын хувьд “Замын-Үүдийн чөлөөт бүсийг 10 жил яриад байгуулж чадахгүй байж Сайншандыг чөлөөт бүс болгоно гэж яриад ч бүтэхгүй байх аа. Уг нь урд хилдээ хоёр чөлөөт бүстэй болох нь буруу ажил биш. Гол нь мөнгөө бэлэн болгоод сайн бодож байж хийх ажил” гэч байсан. Тэгэхээр хөрөнгө оруулагчид хүлээсээр байгаад итгэх итгэлээ тодорхой хэмжээгээр алдаж эхэлсэн гэдгийг дээрх хариултаас ойлгож болох биз.

Харин Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн хувьд гэрэл гэгээ ойрхон байгаа гэдгийг олонтаа онцлохоо мартсангүй. Аймгийн удирдлагыг гартаа авсан түүний өнгөрсөн жилүүд гол ажил нь судалгаа хийх, төлөвлөгөө боловсруулахад чиглэсэн бололтой юм билээ. Одоо харин цааснаа буусан “цэцэн” төлөвлөгөөг бодит ажил болгохын тулд бодит боломж амлаж байна гэдгийгээ ч удаа дараа онцолсон. Түүний ярианаас үүдээд Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам барих шийдвэр гаргаж, Дорноговь аймгийг аж үйлдвэрийн цогцолбор болгох зорилгыг тодорхой болгосон УИХ болоод Засгийн газарт туйлын их баярлаж буй аж.
Түүнчлэн зөвхөн бусад аймгийн баялгийг Сайншандад боловсруулж, нэмүү өртөг үйлдвэрлэх бус Дорноговийн баялгийг ч капитал болгох гарц нээгдсэнийг удаа дараа онцолсон байгаа. Тус аймгийн жоншны нөөц 25 орчим сая тонноор хэмжигдэж байхад нүүрс нь 2.5 тэрбум тонн, Цагаан суваргын ордын зэс 1.28 сая тонн, молибден 43 гаруй мянган тонн цеолит 640.4 сая тонн, уран 10 гаруй мянган тонн, нефть 6.2 сая тонн, төмөр 24 сая тонн гэх мэтээр илэрсэн баялгийнх нь хэмжигдэхүүн үргэлжилнэ. Их говийн хөрснөө үүнээс ч илүү их нуугдсан баялаг бий гэдэг нь ойлгомжтой. Иймд Сайншандын аж үйлдвэрийг байгуулахад алдах зүйл байхгүйн зэрэгцээ хожих хожлоо эртнээс зөв тооцоолох хэрэгтэй гэдэг уриа П.Ганхуяг даргын илтгэлээс зухалцах бус цуурайтаж байлаа.

Газрын тосны тухайд харин “Баялаг-боломж-бодлого” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаас урьтаж, өмнөх өдөр нь зохион байгуулсан байсан. Сураг сонсох нь ээ, энэ чиглэлээр тус аймагт зургаан компани хайгуулж хийж байгаа гэсэн. Тэд бүгд нефть боловсруулах үйлдвэр байгуулах саналыг дэмжихийн зэрэгцээ аймгийн хөгжилд ч хувь нэмэр оруулахаа амласан аж. Гэхдээ тэдгээрээс хамгийн том компани нь болох Хятадын хөрөнгө оруулалттай “Доншен” компанийнхныг орон нутгийнхан нь “Ёстой хаалттай байх ёстой гэсэн шиг хаалгаа хааж, хатуурахдаг компани” гэсэн тайлбар хийж байна билээ. Энэ тайлбар үнэн бол “Доншен”-д үйл ажиллагаагаа нээлттэй явуулах хэрэгтэйг орон нутгийн удирдлага нь сануулах хэрэгтэй биз ээ.

Ямар ч байсан “Хөгжлийн бүс-Дорноговь” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт ажил хэрэгч, амжилттай болж өнгөрсөн. Засаг даргын Тамгын газрын зүгээс хөрөнгө оруулагчдад “Санхүүжилт хийх замаар тодорхой хөнгөлөлт эдлэх боломжтой” гэдэг бодит саналыг ч тавьсан байгаа. Хөрөнгө оруулагчид ч үүнийг ирээдүйн бизнесийн стратеги гэж харсан нь ойлгомжтой. Гагцхүү 3.5 мянга га талбайг эзэлж, 10 орчим тэрбум ам.долларын санхүүжилт эхний ээлжинд “нэхэж” байгаа Сайншандын аж үйлдвэрийн шавыг хэзээ тавих нь хэн хүнд хамгийн сонирхолтой сэдэв болон үлдсэн юм.

Энэ асуултын хариу тодорхой болсон цагт “Сайншанд Монгол Улсын хөгжлийн түлхүүр болж чадах уу” гэдэгт та бид илүү бодитой, оновчтой хариултыг олж чадах нь тодорхой. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн тухайд уг цогцолбор босох талд хаврын салхи исгэрч, нүүр нүд “ороолгох” шороон шуурга дэгдэж байна билээ. Гэсэн ч ирээдүйд тэнд хөгжил гэрэлтэнэ гэдэгт итгэхгүй байхын аргагүй юм. Учир нь, бүх зүйл ор хоосноос эхэлж, оргил руу мацах хүсэл тэмүүллээр түлхүүрдүүлдэг  шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж