Гадаадад байгаа 6494 сонгогч санал өгнө

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Гадаадад байгаа 6494 сонгогч санал өгнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход 22 хоног үлджээ. Энэ өдрүүдэд нэр дэвшигчид хуулийн дагуу сурталчилгаагаа үргэлжлүүлж байна.

Сонгуулийн хуулийн дагуу гадаадад байгаа сонгогчид анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр болсон байгаа. Гадаадад байгаа иргэдийн бүртгэл дуусгавар болж, нийт 6494 сонгогч саналаа өгөхөөр болжээ. 2012 оны УИХ-ын сонгуулиар нийт 4276 иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд үүнээс 2777 иргэн буюу 64,8 хувийн ирцтэйгээр сонгуульд оролцсон юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр энэ удаад 6494 сонгогч бүртгүүлжээ. Эдгээр иргэд энэ сарын 14-16-ны өдрүүдэд гурван нэр дэвшигчид саналаа өгөх ёстой.

СЕХ гадаадад байгаа иргэдийн саналыг битүүмжлэн хадгалж байгаад зургадугаар сарын 26-ны өдөр нэгдсэн саналтай нэгтгэн тоолох юм. Гадаадад байгаа иргэдийн саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, Комиссоор дамжуулан нийт салбар комисст санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх юм байна.

СЕХ-ноос нэр дэвшигчдийн саналын хуудасны загварыг баталж, хэвлэх ажлыг эхлүүлсан гэх мэдээлэл өгч байна.

Саналын хуудсанд нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нь нэр, нэр дэвшүүлсэн намын нэр бичигдэнэ.   Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрт байх аж. Сонгогч нь саналын хуудсыг авч санал бэлтгэх бүхээгт очиж, саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх зуувин дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэх юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж