“Хоёр загал” зүтгүүр аялалд гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

“Хоёр загал” зүтгүүр аялалд гарлаа

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн, Эзэн Чингис хааны хоёр загалын нэрээр нэрийдсэн гурван илчит тэргийг өчигдөр Улаанбаатар өртөөнд хүлээн авч, аялалын замд үдлээ.

Зам, тээврийн салбарт нэгэн дэвшлийг авчирсан гэх уг илчит тэргүүдийг монгол инженерүүд ОХУ-ын илчит тэргэнд АНУ-ын “Женерал электрик” компанийн моторыг суурилуулан, угсарч зохион бүтээжээ. 008, 009, 010 серийн дугаар бүхий уг гурван илчит тэргийг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам,  тээврийн сайд А.Гансүх, “Улаанбаатар төмөр зам”-ын Даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж тэргүүтэй албаныхан болон төмөр замчид оролцсон юм. 

Илчит тэрэг буюу зүтгүүрийг угсрах ажлыг “Улаанбаатар төмөр зам”- нийгэмлэгт 2003 хэрэгжүүлж байгаа "Монгол модернизаци" төслийн хүрээнд эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 10 илчит тэргийг бүтээжээ. Тэгвэл өчигдөр сүүлчийн гурван илчит тэргээ хүлээн авсан юм. Ингэснээр монгол инженерүүдийн бүтээсэн илчит тэргүүдээ хүлээн авч дууссан бөгөөд ачааны болон зорчигч тээврийн зориулалтаар үйлчилгээнд шууд гарч байгаа ажээ.

“Хоёр загал” илчит тэргийг хүлээн авч, аялалд гаргах ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсад их олон бүтээн байгуулалт өрнөж байна. Гансүх сайдын тэргүүлсэн зам тээврийн салбар маань шинэ онгоц хүлээж авсан. Уул уурхайнхан Монгол бензинээ хүлээж авлаа. Одоо мөн нэгэн шинэ бүтээлээ хүлээж авлаа. Манай төмөр замын инженерүүдийн ур ухаанаар бүтсэн, ОХУ-ын зүтгүүрийг АНУ-ын Женерал электрик компанийн моторыг ашиглан бүтээсэн Эзэн Чингис хааныхаа хоёр загалын нэрээр нэрлэсэн зүтгүүртэй боллоо. Түлш бага хэрэглэнэ, гэхдээ тамир тэнхээ сайтай зүтгүүр. Монгол морь хэдий бие жижигтэй ч холын зайд явдаг, эрч хүч сайтай адуу шүү дээ. Тиймээс ийм шийдлийг нэлээд сайн цогцлуулж хийж чадсан болов уу гэж бодож байна.  Үүнийг бүтээж чадсан инженерүүддээ баяр хүргэж, амжилт хүсье. Бид бүгд бүтээн байгуулалтаа бүх чадлаараа хийж Монгол улсаа хөгжүүлнэ. Хоёр загалаа унаад бүтээн байгуулалтдаа урагшаа” гэж хэлсэн юм.

Зам, тээврийн сайд А.Гансүх “Улаанбаатар төмөр замыг улсын хөгжлийн тулгуур хүчин зүйл гэдэг бөгөөд энэ үүргээ амжилттай хэрэгжүүлж буй хамт олон. Үүний нэг нь та бидний хүлээн авч байгаа "Хоёр загал" зүтгүүр юм. Энэ зүтгүүр монголын инженерийн ур ухаанаар бүтсэн, Монголын төмөр замын ирээдүйн хөгжлийг илтгэх чухал хүчин зүйл гэж үзэж байгаа. Цаашдаа Улаанбаатар төмөр замынхан зөвхөн зүтгүүр угсрах төдий бус, зүтгүүрийн шугамыг нь Монголдоо үйлдвэрлэдэг болох зорилт тавьсан” гэж хэлээд төмөр замчиддаа амжилт хүссэн.

Монгол инженерийн ур ухаанаар бүтсэн “Хоёр загал” илчит тэргийн тухай  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржоос тодрууллаа.

-Илчит тэргийг хэдий хэр хугацаанд зохион бүтээж, өнөөдөр сүүлчийн гурван илчит тэргийг хүлээн авч байна вэ?

-Сүүлчийн гурван 008, 009, 010 серийн дугаарлалт бүхий илчит тэргүүдийг ОХУ-аас гуравдугаар сарын 21-нд оруулж ирсэн. Ингээд манай монгол инженерүүд АНУ-ын компанийн мотор суурилуулж, үндсэндээ 66 хоногийн дотор угсарч чадлаа. Ер нь урьд, урьдын серийн илчит тэргүүд дээр гарч байсан жижиг асуудлуудыг энэ сүүлийн гурван зүтгүүр дээрээ засч чадсан юм. Төмөр замчид маань энэ салбартаа арвин туршлагатай болохоор цаашдаа өөр технологи, модулиар илчит тэрэг зохион бүтээх бүрэн боломжтой гэж харж байгаа.

-Монголчууд угсарсан гэдэг утгаараа эдийн засагт ямар үр эерэг үр нөлөө үзүүлэх вэ. Энэ зүтгүүрийн юугаараа онцлог вэ?

-"Хоёр загал"-ыг угсарснаар гаднаас оруулж ирдэг зүтгүүртэй харьцуулахад байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал 25-30 хувь, түлш зарцуулалт 40 хувь,  хар утаа, масло хаягдал хаях нь бага. Мөн хяналтын камертай, компьютерийн системээр тоноглогдсон, электрон механик хосолсон хурд хэмжигчтэй, 1500 цаг найдвартай ажиллах LED гэрэлтүүлэгтэй. Бригадын ая тух, аюулгүй байдлыг хангах үүднээс кабин дотор халууцах эрсдлээс хамгаалах сэрүүцэх горимыг тааруулж өгсөн.

-Ийм технологийг өөр газарт ашигладаг юм болов уу?

-Энэ зүтгүүрийн модулийг бидний дараа Польш, Казакстан, Украйн, ОХУ-д тавьж угсарч байгаа.  Үндсэндээ монгол инженерүүдийн анх санаачилсан бүтээл гэж хэлж болно л доо.

-Нэг зүтгүүр угсрахад хэдий хэмжээний өртөгтэй байна вэ?

-Нэг зүтгүүрийн өртөг нь гурван сая орчим доллар. Тэгтэл гаднаас зүтгүүр авахад  тав гаруй сая доллар болдог шүү дээ. Нэг зүтгүүр нь үндсэндээ хоёр секцтэй гэсэн үг. Шинэ зүтгүүр авахад энэ мэт маш үнэтэй. Тиймээс оросын хуучин тэргээс авч  орчин үеийн тоног төхөөрөмж суулгаж байна.

-Бүх илчит тэрэг үйлчилгээнд гарсан уу?

-Тийм ээ. Нийт 010 серийн дугаарлалт бүхий 10 Хоёр загал илчит тэрэг бүгд үйлчилгээнд гарсан. Сүүлд хүлээж авсан гурван илчит тэрэг маань мөн үйлчилгээнд гарлаа. 008 серийн дугаартай зүтгүүр Дархан-Уул аймгийн чиглэлд, 009, 010 серийн дугаатай зүтгүүр Чойр луу хөдөллөө. Ер нь илчит тэргүүд маань ачаа тээврийн болон зорчигч тээврийн аль ч зориулалтаар үйлчилгээнд гарна.

-Илчит тэргүүд үйлчилгээнд гарахад боловсон хүчин хангалттай байгаа юу?

-"Улаанбаатар төмөр зам" 60 гаруй жилийн түүхтэй. Бидний хувьд боловсон хүчин хангалттай, ур чадвар сайтай гэдгээрээ онцлог.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж