НӨАТ-аас юу чөлөөлөгдөх вэ?

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

НӨАТ-аас юу чөлөөлөгдөх вэ?

-Хууль төрөхийн өмнө-

Ойрын үед зарим нэг бараа гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөгдөж магадгүй болоод байна. Тодруулбал, зарим нэр төрлийн барааг татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулагдаж, УИХ-ын гишүүдийн гар дээр хэдийн очоод буй аж. Төрийн зүгээс тодорхой салбар, бизнесийг дэмжих нэг арга нь тухайн ажил үйлчилгээ бизнес эрхлэхэд нь хэрэглэгдэх түүхий эдийг гаднаас оруулж ирэх боломжийг сайжруулахын тулд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлдөг. Жишээ нь, гутлын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд арьсыг нь гутал хийдэг машиныг нь хилээр оруулж ирэхэд төлдөг байсан татварыг байхгүй болгоно гэсэн үг.

Яг одоогоор УИХ-д Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай гээд нийт гурван тусдаа төсөл ирээд буй бөгөөд юу юуг татвараас чөлөөлөх болсныг харвал, төрөл бүрийн модон материал, газрын тос гарган авах технологийн тоног төхөөрөмж, мөн тодорхой төрлийн автобус байх аж.

Эхэнд “Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх” төсөл өргөн баригджээ. Ийнхүү чөлөөлөх хугацааг тогтоосон нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аж. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал модоор түүхий эд бэлтгэдэг бүхий л аж ахуйн зардал тодорхой хэмжээнд буурч, энэ хэрээр эцсийн бүтээгдэхүүний үнэ багасах боломжтой болно. Энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Монголд мод, модон бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ их байдаг. Тиймээс хэрэгцээнээсээ гурав дахин бага хэмжээний модны квотыг орон нутагт хуваарилах, түүнчлэн Оросоос мод оруулж ирэхээр болоод байгаа” гэж өмнө хэлж байсантай ч холбоотой юм.

Мөн чөлөөлөгдөхөөр хүлээгдэж буй түүхий эд бол “Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материал” юм Газрын тос болон нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр нь өндөр технологид суурилсан, асар их хэмжээний буюу ойролцоогоор 700 сая ам доллараас 2,5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардагддаг, хөрөнгө оруулалтаа 4,5–10 жилийн дараа нөхөх, өндөр эрсдэлтэй салбар бөгөөд урт хугацаанд төрийн тууштай дэмжлэг, татварын хөнгөлөлт бүхий дэмжлэггүйгээр уг төслийг бодит ажил хэрэг болгох боломжгүй аж. Азийн бусад улс орнуудад дээрх хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд санхүү татварын ямар хэмжээний хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлдэг талаар Вьетнам, Индонез, Малайз, Мяньмар, Филиппин, Бангладеш зэрэг орны татварын орчныг судалж үзэхэд нийтлэг байдлаар орлогын албан татвар, гаалийн албан татвар, газар, үл хөдлөх хөрөнгийн төлбөрөөс урт хугацаанд чөлөөлөх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг төрийн бодлогоор бүрдүүлж өгдөг туршлага байсан гэнэ.

Дараагийн чөлөөлөгдөх “тиз” хүссэн нь “Импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл.

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлтэнд улсын төсвөөс байнга хөрөнгө оруулалт хийх боломжгүй байгаа өнөөгийн нөхцөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах шаардлага үүсээд буй аж. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн автобусыг авсан аж ахуйн нэгж, байгууллагуудаас өртгийг буцаан төвлөрүүлж парк шинэчлэх тусгай сан байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэхүү санд 2012 оны эцсийн байдлаар 4.2 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа аж. Улсын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын хөдлөх бүрэлдэхүүний парк хуучирсан, хүн амын зорчин явалтын тоо ихэссэнээр тээврийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй байдлыг их багтаамжийн автобусаар хангах шаардлагыг үндэслэн Монгол Улсын Их Хурал 2002 оны аравдугаар сарын 31-ний өдрийн “Зарим төрлийн бараанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахгүй байх тухай” хуулиар 2002 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2006 оны нэгдүгээр сарын 1- ний өдөр хүртэл хугацаанд импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш гурав хүртэлх жилийн доторхи автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна. Улсын Их Хурлаас уг хуулийн хугацааг 2011 оны нэгдүгээр сарын 1 хүртэл дахин сунгасан нь үйлчилгээ эрхлэгчдэд тодорхой дэмжлэг үзүүлж дээрх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны тоо 40 хувиар нэмэгджээ. Гэвч нөхцөл байдлыг сайжруулан, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны тоог нэмэгдүүлэн парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа боловч дээрх хуулийн үйлчлэх хугацаа дууссан байна. Хуулийн хугацааг сунгах хүсэлтийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудаас удаа дараа гаргаж байгаа бөгөөд үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх үүднээс төслөө шинэчлэн боловсруулсан нь энэ аж.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж