Зогсоошгүй хүчин: Месси+Неймар

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Зогсоошгүй хүчин: Месси+Неймар

Аваргуудын лигийн хагас шигшээд “Байерн Мюнхен”-д гутамшигтай ялагдал хүлээснээр “Барселона”-д шинэ хүч үгүйлэгдэж буй нь тодорхой болсон. Бүтэц, бүрэлдэхүүний хувьд нүсэр өөрчлөлт шаард­лагагүй ч ирэх улиралд энэ багийг залж, дэлхийн шилдэг клуб гэгдэх албан бус статусыг сэргээх шинэлэг ‘face’ энэ багт хэрэгтэй байгаа нь бүгдэд ойлгогдов. Харин тэр тоглогч нь Неймар байлаа.

“Барса”-тай таван жилийн хугацаатай гэрээ байгуулахаар тохиролцоонд хүрэхээс өмнө Неймар үнэхээр “эрэлттэй бараа” байсан. Харин түүнийг өөрийн болгохын тулд клубын удирдлага чамгүй мөнгө амлаж, өнгөрсөн долоо хоногт гэрээгээ үзэглэв. Неймар шинэ багтайгаа нэгдсэн ч гэрээний үнийн дүнгийн талаарх албан ёсны мэдээ одоо хэр нь байхгүй байна. Тойм мэдээллээр 80 сая ам.доллараар Неймар “Барса”-д иржээ. Энэ наймаа, энэ алхам Ла лигийн аваргуудын хувьд бодлогын чанартай, багаа төгсжүүлэх гэсэн үйлдэл байлаа. Хөлбөмбөгийн ертөнцөд энэ зуны солилцооны улирал эхэлснээс хойшхи хамгийн томд тооцогдох наймаа.

Аваргуудын лигийн талбарт “Байерн Мюнхен”-ын залуус “Барселона”-г төвөггүй буулган авсан. Бүр 7:0-ийн харьцаагаар. Өрсөлдөгчийнхөө хаалганд, ийм чухал тоглол­тод, тийм эгзэгтэй үед ганц ч гоол оруулж дөнгөө­гүй нь Мессигийн форм алдагдсан, эсвэл гэмтэлтэй үед “Барселона” ямархан болж буйг харуулсан хангалттай жишээ. Довтолгооны шугамд үргэлж бэлэн байж, хэр баргийн дамжуулалт алдалгүй “чулуу болгож” чаддаг Месси дээр Неймар нэмэгдсэнээр “Барса”-гийн довтолгоог зогсоож хүчрэхийн тулд бусад багийн менежерүүд толгойгоо гашилгах нь лавтай. 

“Сантос”-т байхдаа шигшээ багтаа мөн тоглож, дэлхийн зэрэглэлийн тоглогч гэдгээ нотол­сон Неймарын хувьд өрсөл­дөгчийнхөө хамгаалалтыг “шүүрэн шанага” болгож, хам­гийн гайхалтай нь эхлүүлсэн довтолгоогоо элит төвшинд төгсгөж чаддаг. Түүнийг хамгаална гэдэг “хар дарсан зүүд” гэдгийг ахмад, туршлагатай хамгаалагчид ч хэлсэн байдаг.

“Барселона”-гийн шинэ цэрэг 25 дугаартай өмсгөлийн эзэн болно. “Сантос”-т дөрвөн улирлыг үдэхдээ тэрбээр 225 тоглолтод 136 гоол оруулж амжсан. Шигшээ багийнхаа хувьд одоо­гоор 32 тоглолтод оролцож, 20 удаа гоолджээ.

Мэдээж “Барса”-гийн хувьд Неймар төгс алхам. Шави, Пуйол, Пике, Месси хүртэл Неймар “Кэмп Ноу”-д гайхалтай зохицно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж байгаа. Гэхдээ Неймараас өөрөөс нь их зүйл шалтгаална. Месситэй хоршиж, эн зэрэгцэн талбайг эзэгнэх, үгүй бол түүний сүүдэрт дарагдах гэсэн хүсээгүй сонголт түүнийг хүлээж буй.

НЕЙМАРЫН АМЖИЛТЫН ТАНХИМД


“Сантос” клуб:

Паулистагийн цом: 2010, 2011, 2012
Бразилийн цом: 2010
Копа Либертадорис: 2011, 2012

Бразилийн шигшээ баг:
Өмнөд Америкийн идэрчүүдийн дэлхийн аварга: 2011
Лондонгийн олимпийн мөнгөн медаль: 2012
Америкийн суперклассик цом: 2011, 2012

Хувийн амжилт:
Паулистагийн цомын шилдэг залуу хөлбөмбөгч: 2009
Паулистагийн цомын шилдэг довтлогч: 2010, 2011, 2012
Шилдэг залуу хөлбөмбөгч: 2011
Бразилийн лигийн шилдэг тоглогч: 2011
Пушкашийн нэрэмжит шагнал: 2012
Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгч: 2011, 2012

Бусад шагналууд: нийт 35

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж