
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. АНУ-ын Ойрхи Дорнодод баримталж байгаа цэргийн ажиллагааны гол зорилго юунд байна вэ?
-Гол зорилго нь энхийг сахиулж, хүний эрхийг хамгаалахад оршино. Энхийг сахиулах гэдэг нь манай улс өөрийн тусгай хүчээр дарангуйлагчдыг устгаж терроризмд цэг хатгах явдал. Ингэснээр дэлхийд энх амгалан байдлыг авчирна. Харин хүний эрхийг хамгаална гэдэг нь магадгүй АНУ-ын түүхийг шинэчлэн бичиж байна гэж ойлгож болно. Хаана зовлон зүдгүүр байна, тэнд АНУ тусалж дэмжиж байгаа. Өмнө нь ч тийм байсан, цаашид ч хэвээр байх болно. Ойрхи Дорнодод цэргийн ажиллагааг НҮБ хариуцан явуулж байгаа учраас АНУ тэр ажиллагаанд оролцох хэрэгтэй.
-Таны яриаг тасалсанд уучлаарай. АНУ энхийг сахиулах ажиллагаанд НҮБ-аас орж байгаа. Харин АНУ дангаараа бас цэргийн ажиллагаа явуулмаар байна гэсэн үг үү?
-Тиймээ.
-Олон улсын ажиглагчид “АНУ Ливийн газрын тосонд шунаж байгаа” гэсэн шүүмжлэл тасрахгүй байгаа шүү дээ?
-Ажиглагчид өөрсдийнхөө дүгнэлтийг л хэлж байна. Энэ бол зөвхөн тэдний бодол. Харин би таны асуултанд “Үгүй” гэж хэлмээр байна
-М.Каддафийг галаа түр зогсоосныг та юу гэж бодож байна?
-Түүнд магадгүй хоёр сонголт байсан байж мэднэ. Нэгдүгээрт, галаа зогсоож байгаад хүчээ зузаатгах. Хоёрдугаарт, байршлаа өөрчлөн бэхлэлтэд орох. Энд Африкийн холбоо маш том үүрэг гүйцэтгэсэн гэж олон нийт ойлгож байгаа байх. Эндүүрч байна. Учир нь Зааны ясан эрэгийн Ерөнхийлөгч асан Гбагбо шиг мухардалд орохгүйн тулд М.Каддафи эртхэн гал зогсоох нэрийн дор ард түмэндээ хайртай гэж ойлгуулахыг зорьж байж мэднэ.
-Таны бодлоор М.Каддафийн нөхцөл байдал ямар байгаа бол?
-Тун хэцүү байгаа болов уу. Одоо түүнийг гэх хүн бараг олдохгүй биз. Мөнгө нь дуусч цэргийн хүч нь суларч байгаа. Хэвлэл, мэдээллээр ч түүний талаар “Улам бүр хэцүүдэж байна” гэж бичсээр байна. Миний бодлоор хэрвээ НҮБ Ливийн ард иргэдэд тусалж дэмжсэн хэвээр байх юм бол М.Каддафи явах л хэрэгтэй. Үүнийг би гуравхан долоо хоногийн ажил гэж таамаглаж байгаа. Мөн манай улсын хувьд НҮБ-д маш их талархаж байна.
-Босогчдын талаар та юу хэлэх вэ?
-Тэр босогчид гэдэг чинь ард түмэн шүү дээ. Тэнд Францынх байна уу, Их Британых ч байна уу хамаагүй. Гагцхүү газрын болон агаарын дайралтуудыг маш нямбай явуулах хэрэгтэй. Учир нь тэнд чинь хүн амьдарч байгаа. Нэг барилгыг дэлбэлэхэд дотор нь энгийн номхон иргэд барьцаалагдсан ч байгаа юм билүү. Хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс аливаад хянуур хандах хэрэгтэй болох нь.
-Та энэ үгээрээ “Америк НҮБ-ын шийдвэрийг өөрчилж болно” гэж бодож байна уу?
-Яг ч тийм биш. Америк бол НҮБ-ын гишүүн орон. Тэр ч утгаараа НҮБ одоогоор Ливи дэх цэргийн ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа. Бид гишүүн орны хувьд үүргээ гүйцэтгэж байна.
-М.Каддафийн цэргүүд нэгэн эмэгтэйг хүчиндэж, доромжилсон байсан. Тэр сэтгүүлчдийн өмнө энэ мэдээллийг хийсэн. Гэтэл сэтгүүлчдийн нүдэн дээр түүнийг М.Каддафийн цэргүүд хүчээр авч явсан. Харин одоо болтол тэр эмэгтэйн сураг гарсангүй. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ бол тэд хүний эрхийг яаж зөрчидгийн баталгаа шүү дээ. Одоо тэр эмэгтэйг хайгаад, хаанаас ч олохгүй. Энэ мэт хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн М.Каддафийн дарангуйлал тун удахгүй дуусах болно. Итгэлтэй байж болно.
-Хүрэлцэн ирж ярилцлаг өгсөн танд баярлалаа.

"Улс төрийн тойм" сонин