Ажил хийсэн бол тендерийн мөнгөө авч болно

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Ажил хийсэн бол тендерийн мөнгөө авч болно

100 САЯ ТӨГРӨГИЙН АЖИЛ ХИЙСЭН БОЛ ТЕНДЕРИЙН МӨНГӨӨ АВЧ БОЛНО

Энэ жил нийслэлчүүд 350 тэрбум төгрөгөөр шинээр зам барьж, хуучнаа засна. Тодруулбал, нийт 127 км замд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийх бөгөөд энэ ажилд нийслэлийн болон улсын төсвөөс 154 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. Энэ мөнгөний санхүүжилт ч шийдэгдсэн бөгөөд Хөгжлийн банкнаас 80 тэрбум, “Чингис” бондоор хэрэгжүүлэх “Гудамж” төсөлд  200 сая ам.долларын хөрөнгө гаргахаар болсон. Гэхдээ зам барилгын ажлын хөрөнгө нь шийдэгдсэн гэх ч зарим замын компани тендерийн мөнгийг авч чадахгүй байна хэмээн гомдоллож байна. Энэ талаар албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.

ТЕНДЕРИЙН МӨНГИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭР НЬ  ӨГЧ БАЙГАА

Энэ талаар Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддоржоос тодрууллаа.

-Танайхаас автозамын тендерийн санхүүжилтыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Ажлынх нь гүйцэтгэлээр л санхүүжилтийг нь өгч байгаа.

-Замын компаниуд тен­дерийн мөнгөө авч чадах­гүй байна гэх юм?

-Тийм зүйл огт байхгүй. Нийслэл нэг хоногийн дотор л мөнгөө гаргаж байгаа. Хийсэн ажлынх нь гүйцэтгэл ямар байна, шалгаад шууд мөнгийг нь гаргаж өгч байгаа юм.

-Гүйцэтгэл гэхээр ажлаа дуусгаж байж мөнгөө авна гэсэн үг үү?

-Заавал дуусгахдаа гол нь биш хийсэн ажил нь гүйцэтгэл бичих хэмжээнд очсон байвал  хэзээ ч авч болно. Тухайн компанийн өөрийнх нь л асуудал.

-Компаниуд мөнгөө авахын тулд ойролцоогоор ямар хэмжээний ажил хийсэн байх ёстой юм бол?

-Ядаж 100 саяас дээш төгрөгийн ажил хийсэн үед гүйцэтгэл бичихийг зөвлөж байгаа. 10, 20 саяар бичихээр бөөн цаасны л гарз болно биз дээ.

МӨНГӨ ГАРГУУЛЧИХААД ХӨРӨНГИЙГ НЬ БАТЛААГҮЙ ГЭХ ЯРИА ГАРСАН

Монголын автозамчдын үйлдвэрчний эвлэлүүдийн хол­бооны дарга Б.Цэрэнпүрэв:

-Сарын өмнө нь тантай уулзахад замчид цалин хөлсөө авч чадахгүй хүндхэн байна гэж байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-Зам арчлалтын компа­ниудын ажилчдын цалин хөлс орчихсон байгаа. Харин одоогоор шинээр гэрээ хийгдээгүй байна. Хуучин ажил хийж байсан компаниуд ажилдаа гарчихсан байна. Тэд гүйцэтгэлээрээ мөнгөө авна гээд л байж байгаа. Салбарын сайдад бичиг явуулсны хүчинд цалин хөлсөө авцгааж л байна.

-Замын компаниудын тендерийн мөнгө орж ирэхгүй байна гэх юм. Танайд тийм гомдол ирсэн үү?

-Тийм яриа байгаа. Гэхдээ одоогоор манайд гомдол ирээгүй байна. Энэ талаар сураглахад, “Зарим компани дээр тийм зүйл гарсан” л гэж ярьж байсан. “Ажлаа хийж бай” гэж өөрсдөөс нь мөнгө гаргуулж хийлгэчихээд тэр хөрөнгийг нь төсөвт батлаагүй байна гэх яриа гарсан байна билээ.

Б.АЗАА
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж