
Эх үрсийн баярын өдөр болж, хүүхдүүд эрхээ хамгаалан архи уудаг юм байж гэж бодъё. За бүр хүүхэд архи уух эрхтэй ч юм болог. Угаас манай улс нэг хүнд ноогдох архины хэмжээгээр дэлхийд тэргүүлж буй хойно хүүхдүүд хүртэл түүнээс нь хүртэж эхэлжээ ч гэж бодъё. Тэгвэл манай улсад сар бүрийн нэгний өдөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн заалт байдаг санагдах юм. Дэлгүүрүүд архи, пиво зардаг лангуугаа хөшгөөр халхалж, “АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХГҮЙ” гэж биччихсэн атлаа худалдаалаад байгааг юу гэж ойлгох вэ? Бүр архи зардаг дэлгүүрүүдийг хаасны дараа ашиг хонжоо хайгчид “Архи байна. Пиво байна” гээд хажуугаар өнгөрөх хүмүүс рүү хашгирах шахан хэлж, зогсоог юу гэж ойлгох вэ?
Манай эрх баригчид тамхины хуулийг баталчихаад, түүнийгээ мөрдүүлэх аргаа олохгүй байгаа өнөө үед архины хууль гэгч ус, агаар мэт хэрэгтэй байгааг анхаарах цаг нь болоод, бүр хэтэрчихсэн мэт. Хариуцлага тооцдог байгууллагууд нь үүнийг мэдэхгүй өнгөрч байгаа гэвэл худал. Шөнөжин ажилладаг баар, цэнгээний газрыг томоохон албан тушаалтан эзэмжиж байдаг нь ч нууц биш.
Архины хэмээх тодотголтой хуулийг баталж, багаасаа архин далайд живж буй хүүхдүүдээ аврах болоогүй юу. Тэгээд ч тамхи татаад, айл гэрийн амьдрал буснуулж байсан гэж сонссонгүй. Тамхины хууль мөрдүүлэх гэж толгойгоо гашилгахын хамт архины хуулиа баталж, чангатгахгүй бол монголын ирээдүй болсон үр хүүхэд чинь архин далайд живэх нь байна шүү.