Н.Энхбаярыг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг эрэн сурвалжилж байна

Ардын намынхан, хүүхэд насандаа эргэн очмоор байна уу. Хүслийг тань Н.Энхбаяр биелүүлье гэнэ. Тэрбээр энэ удаад та нарыг чихрээр дай­лахгүй, хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр аялуулъя гэж байна. Түүнийг МАХН-ын дарга, бүр Монгол Улсын Ерөнхийлөгч байхад өрөөнд нь орж “Би муухай юм хийчихлээ. Та намайг алгадаж, шанаадаад өг” гэж гуйдаг байсан та нар энэ удаад Н.Энхбаярын урилгаас татгалзаж болохгүй. Экс Ерөнхийлөгч “Би тэднийг ца­­рай­чилж жижигрэхгүй. Тэр­­тэй, тэргүй энэ том дарга на­рыг “өлгийтэй” байхаас нь мэднэ. Хэн хаана яаж “бааж, шээж” байсныг нь ярьж болно. Улстөрчдийнх нь хувьд тэдний баасан “баас”-ыг цэвэрлэж, “шээс”-ийг нь арчиж байсан учраас бүгдийг нь сайн мэднэ” гэлээ. Тэгэхээр та нар МАХН-ын дарга болж өрх тусгаарласан Н.Энхбаяр биш, “асрагч” Н.Энхбаярынхаа үгэнд орох ёстой юм байна. Тиймээс урилгыг нь хүлээн ав. Эсэргүүцвэл Н.Энхбаяр та нараас өрөө нэхнэ. 

Н.Энхбаярын галт тэрэг тун сонирхолтой марш­руттай. Тэрбээр Монгол Ул­­с­ын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр Ц.Эл­бэгдоржтой мэтгэл­цэхдээ нэгэн сонир­холтой жишээг дурьдсан юм. “Ж.Неру бяцхан жаалд “Чихэр битгий ид” гэж хэлэхийн тулд өөрөө чихэр идэхээ больсон” гэж. Гэвч түүний үгийг хүний, өөрийн намынхан сонгуулийн ид бужигнаан дунд бүрэн гүйцэд ойлгоогүй юм. Ойлгоогүй учраас Н.Энхбаяр Ардын намынханд чихэр идэж болох, болохгүйн тухай үлгэрийг дахин ярьж өгөх юм гэсэн. Хамгийн сонирхолтой нь тэр­­бээр бусдад сургааль айл­­дах дургүй. Айлдсан ч өөрөө түүн шигээ байж ча­дахгүй бол яана гэж айдаг. Тиймээс өөрийнхөө оронд экс Ерөнхийлөгч Н.Багабандийг жишээ болгожээ. Н.Багабанди бол “чихэр”-т угаас дуртай. Тэрбээр тухайн үеийн МАХН-ын дарга, бас Монгол Ул­сын Ерөнхийлөгчөөр ажил­ла­сан нь ард түмний биш, эрх баригчдийн өглөг буян.

Тиймээс тэр ард түмэнд бус, эрх баригчдад өрөө төлж бай­на. Н.Багабанди өрөө төлөхийн тулд эрх баригчдийг өмөөрч, өмнөөс нь дуугарах болсон. Товчхондоо, Монгол Улсын Төрийн тэргүүн асан энэ нөхөр өдгөө эрх баригчдын үнэнч албат боллоо. Өрөнд барьцаалагдсан учраас Мон­голд ашиггүй нэгэн төс­лийн ТУЗ-д орж, буруу байсан ч “Зөв” гэж PR-дах үүрэг хүлээсэн. Н.Энхбаяр Н.Багабандийг ингэж зэмлэв. “Албан тушаал, ашиг хонжоо гэхээр улс орныхоо эрх ашгийг “худалдаж”, ард түмнийхээ хүсэл сонирхлоос “урвах”-д бэлэн байж болохгүй” хэмээн буруутгав. “Гоё үг хэлж, түүнийгээ бусдыг хуурах хэрэгсэл болгож болохгүй” гэж Н.Багабандид “Титэм үг”-ийнх нь хариуг айлтгав.  

Экс Ерөнхийлөгч өрийн дансаа зугуухан дэлгэж байна. Түүнд Н.Багабанди, С.Баяр нараас эхлээд олон хүн өртэй. Улс төрийн тавцныг “өтгөн, шингэн”-ээрээ бохирдуулсан бүх хүн түүнд өртэй. Учир нь тэр “өлгийтэй нялхас”-ыг өсгөн торинуулж, авиа хэлүүлж сурган завааруулсан бүхнийг нь өөрийн гараар цэвэрлэсэн. Гэвч одоо “Нялх балчир ахуйдаа хазгай муруй гишгэсэн мөр тань  арилаагүй шүү” хэмээн барьцаат зээлийн бичгээ харуулж байна. Тэгмэгцээ ОХУ-д Элчин сай­даар ажиллах хугацаа нь дуусч, бие нь муудсан С.Баярыг хэрхэн асарч тойглож байснаа эргэн дурсав. Чухам тэр үед л Н.Энхбаяр, С.Баяр нарын “Өвлийн хайрын түүх” эхэлж, экс Ерөнхий сайд түүнд “Намайг дэмжих хүн танаас өөр бараг байхгүй. Намын дарга та л дэмжвэл би Ерөнхий нарийн бичгийн дарга болж, хамтдаа үнэнч, тууштай ажиллая” хэмээн андгай тангараг өргөжээ. Н.Энхбаярын дурссанаар, энэ бол 2005 онд эхэлсэн мелодрам. С.Баяр өөрөөс нь нэгэнт нүүр буруулсан учир экс Ерөнхийлөгч “Би С.Баярын тухай ярихгүй. Харин УИХ-ын 2008 оны сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр гарсан булхай, луйвар, 2008 оны долдугаар сарын 1-нд хүмүүс амиа алдсан тухай, Тавантолгой, Оюутолгойтой холбоотой хар фактууд, тэр ч атугай Ардын нам МАХН байхдаа сонгуульд ямагт ялдаг байсны нууцаас дэлгэнэ” гэлээ. Тэр далимд С.Баяраас Улсын ерөнхий прокурорт илгээсэн албан бичгийн хариуг тэрбээр Д.Дорлигжаваас урьтаад өгчихөв. “Би гэрчийн мэдүүлгээ өгчихсөн. Түүнээс биш тухайн байгууллага руу албан бичиг илгээж “Надаас мэдүүлэг авна уу” гэсэнгүй. Зарим хүн тэгснээ ярьсан байна лээ. Энэ ямар учиртай жүжиг вэ” гэж юмны учир ойлгодог хүний хувьд С.Баяр руу харав.   

Н.Багабанди 1996 онд биш, 2011 онд Н.Энхбаярын оронд байсан бол хэрхэн хувирах байв. Тэрбээр тухайн үед МАХН-ын дарга байхдаа “Намынхаа нэрийг өөрчилье” гэсэн Н.Энхбаярын эсрэг зогсч байсан. МАХН-ын дарга Н.Багабандийн диктатур дор намын бүх гишүүн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Энхбаярын саналыг эсэргүүцсэн удаатай. Тиймээс тэр үед МАХН МАХН хэвээр үлдсэн юм. Харин УИХ-ын 1996 оны сонгуульд ардчилсан хүчнийхэнд ялагдсан МАХН-ыг 2000 онд олонхи болгож чадсан хүн бол яах аргагүй Н.Энхбаяр. Нам нь УИХ-д олонхи болж, эрх баригч хүчний тамгыг атгасан учраас Н.Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Тиймээс тэрбээр Н.Энхбаярт өртэй. МАХН-ыг 2000 оноос хойш УИХ-ын ээлжит сонгуулиуд болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад гол үүрэг гүйцэтгэсэн Н.Энхбаярын хувьд яг одоо өрөө нэхдэг цаг. Гэвч түүний улс төрийн шинэ эрин үе Н.Багабанди “Титэм үг”-ээрээ Ардын намынхныг хурцалж, С.Баяр “Дол­дугаар сарын 1”-ний хэрэг явдлуудын талаар Н.Энхбаяр гэдэг хүний дэлгэсэн баримттайгаар барь­цаалагдсан энэ цаг үед тохиож байна. Хам­гийн сонирхолтой нь Н.Энхбаярын хам­гийн том дайсан нь Н.Багабанди, С.Баяр нар биш. Харин Н.Энхбаяр. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөөсөө өөр, бүр “аймаар” Н.Энхбаярыг эрэн сурвалжилж байна. Экс Ерөнхийлөгчийн эрэн сурвалжилж буй “аймаар” Н.Энхбаяр нь унтдаггүй, хоол иддэггүй, хэд, хэдэн газраар явж, олон хүнтэй наана, цаана яриа хөөрөө үүсгэдэг. Ер нь их айхтар товарищ. Чухам ийм л учраас Ардын намынхны “асрагч”-аар олон жил ажиллаж, эцэст нь “гэр”-ээс нь хөөгдсөн Н.Энхбаяр амидаагаа хайж эхэллээ. Тэрбээр нэр нэгтнээ ихэд сонирхож, уулзахыг хүсч байна гэнэ. Ардын намынхан, та нар тэр “аймаар” Н.Энхбаяртай уулзвал экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүсэлтийг уламжлаарай. Харин гэнэ алдан самгардаж МАНАН-аа саринааж болохгүй шүү. Учир нь МАХН-ын дарга, ориг Н.Энхбаяр бол үнэний эрэлд гарч, түмэн олонд өрөө төлөхөөр яваа хүн. Тэр бол “аймаар” Н.Энхбаяр биш. Тиймээс нэгэн цагт асарч, тэтгэж явсан экс Ерөнхийлөгчдөө амидаагаа олоход нь туслаарай. Ардын намынхан! Анхааруулж хэлэхэд, та бүхнийг ориг Н.Энхбаяртай муур, хулгана бололцох зуур мөнөөх “аймаар” Н.Энхбаяр Цэцийг ховсдож, МАХН гэдэг товчлолыг мэдэлдээ авчихаж мэднэ. Яараарай. Н.Энхбаяр амидаатайгаа уулзаж, элдвийг мэдвэл байдал бүр бишдэнэ шүү. Учир нь “аймаар” Н.Энхбаярт Ардын нам МАХН байх үеийн болохгүй, бүтэхгүй бүх баримт, лидерүүдийнх нь чихэр иддэг байсан үеийн гэрэл зурагнууд, өр, зээл тавьсан жагсаалтууд бий. Наад Н.Энхбаяраасаа урьтаж, нөгөө Н.Энхбаярыг нь бариад аваарай. Н.Энхбаяр “аймаар” Н.Энхбаярыг хайх эрлийн замдаа аль хэдийнэ гарчихсан шүү. 

С.Баттулга

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж