
Гадаад орнуудад амьдарч байгаа монгол иргэд ингэхдээ сонгогчийн бүртгэлдээ хамрагдсан иргэд саналаа өгөх эрх нээгдсэн. Тиймээс зургаaдугаар сарын 14-16-ний хооронд тухайн суугаа орныхоо Монголын Элчин сайдын яаманд биеэр хүрэлцэн очиж саналаа өгөх ёстой. Саналын хуудсанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчийг дарааллын дагуу жагсаан бичсэн байна. Түүнээс сонгогч сонголтоо хийн нэг нэр дэвшигчийг тэмдэглэнэ.
Хуульд зааснаар саналын хуудсанд Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгд эрэмбэлэгдэн бичигдэх бол хоёрт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гуравт МАХН-аас өрсөлдөж буй Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг тус тус жагсаан бичих юм байна. Энэ нь УИХ-д авсан суудлынх нь тоогоор нэр дэвшигчийг эрэмбэлж бичихээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааж өгсөнтэй холбоотой аж.
Өмнөх сонгуулиудад нам байгуулагдаж, Улсын Дээд Шүүхэд бүртгэгдсэн он цаг дарааллын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг эрэмбэлж бичдэг байсан бол хуульд өөрчлөлт орсноор УИХ-д авсан суудлынхаа тоогоор жагсаан бичихээр болж байна.