Рик Аделман “Рокетс”-ийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Рик Аделман “Рокетс”-ийг орхилоо

NBA-ын агуу түүхт дасгалжуулагчид, нэг ёсондоо ахмад үеийн дасгалжуулагчид халаагаа өгөх цаг болжээ гэдгийг Жерри Слоуны гэнэтийн үйл явдал харуулсан. Дон Нелсон ажилгүй болж, Фил Жэксон зодог тайлах тухайгаа ярьж, Жерри Слоун нэг л өдөр багаа орхих шийдвэр гаргахад тэдний үеийн ганцхан дасгалжуулагч үлдсэн нь Рик Аделман байсан билээ. Тэгвэл Рик Аделманы хувьд “Хьюстон Рокетс”-т байх өдрөө дуусгаж байгаа талаар өчигдөр багийн ерөнхий менежер Дарил Морей зарлалаа. Түүний гэрээ зургадугаар сарын 30-ны өдөр дуусгавар болж байгаа бөгөөд хоёр тал тохиролцсоны үндсэн дээр цаашид сунгахгүй байхаар шийджээ.

Өдгөө 64 настай Аделман “Рокетс” багтай дөрвөн улирлыг үдэхдээ 193-135 гэсэн амжилтыг үзүүлсэн шилдгүүдийн нэг яах аргагүй мөн байлаа. Тэрбээр бүх цаг үеийн түүхэнд 945-616 гэсэн амжилтаар наймд бичигддэг юм. Трейси МакГрейди, Яао Мин нарыг аварга авахуулах зорилготойгоор 2007 онд Техас мужийн багт ирж байсан ч Аделманы хувьд хэзээ ч энэ хоёр супер одтойгоор плей-оффт амжилт үзүүлж байсангүй. Эхний улирлаас эхлэн ээлж дараалан гэмтсээр МакГрейди өнгөрсөн жил солилцоонд орж, Яао одоо карьерынхаа төгсгөл үед ирээд байгаа юм. 2007 онд анх түүнийг ирж байсан тоглогчдоос одоо Льюис Скола, Чак Хейс нар л үлджээ. Тэгэхээр энэ баг ямар их өөрчлөлт шинэчлэлт хийсэн нь тодорхой. Гэвч энэ бүх хугацаанд өрнөд бүсийн плей-оффт тогтмол шалгардаг хүчирхэг багуудын нэг байсаар ирсэн нь дасгалжуулагчийн гавьяа. Тийм учраас түүнийг сонирхож авах баг олон байгаа нь гарцаагүй. Гэхдээ өөрөө зодог тайлахыг хүсэхгүй бол шүү дээ. Улирлын дундуур зун гэр бүлтэйгээ дахин ярилцаж байж, ажлаа үргэлжлүүлэх эсэх талаараа шийдвэр гаргана гэсэн мэдээлэл нэг бус удаа цацагдаж байсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж