Төв Европт үерийн гамшиг нүүрлэв

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Төв Европт үерийн гамшиг нүүрлэв

Европын төв хэсгийн Герман, Чех, Австри, Швейцари зэрэг улсуудад өнгөрсөн амралтын өдрүүдээр аадар борооны улмаас үерийн гамшиг нүүрлээд байна. Одоогийн байдлаар Австрийн Зальцбург хотын ойролцоо хөрсний нуралтын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн сураггүй болоод байгаа бол Чехэд үерийн улмаас хоёр хүн амь үрэгджээ. Үерийн гамшигт Чех улс хамгийн их өртөөд байгаа бөгөөд нийслэл Прага хотод үерийн усны түвшин улам нэмэгдсээр байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Чехийн Засгийн газрын зүгээс үндэсний хэмжээнд онц байдал зарлаад байгаа юм байна. Харин Герман, Австри улсуудын албаныхны зүгээс үерийн гамшигт өртсөн иргэдийг аврах, хөрсний нуралтыг цэвэрлэж, автозамуудыг чөлөөлөх ажиллагаанд цэргийнхнийг татан оролцуулж байгаа аж. Харин Швейцарид аадар борооны улмаас гол, мөрний ай саваар үеийн гамшиг нүүрлэжээ. Түүнчлэн Германы Пассау, Розенхайм хотуудад үерийн улмаас онц байдал зарлаад байгаа ба Бавари мужийн цаг уурын агентлагаас ойрын өдрүүдэд аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулжээ. Германы хувьд Баваригаас гадна Саксони, Тюрингиа, Баден-Вюртемберг зэрэг мужууд үерт автаад байгаа юм байна. Австрийн албаныхны зүгээс Пинзгау бүсийг гамшгийн бүсээр нэрлээд байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж