
Огт цэвэрлэх хүнгүй, дээрээс нь хогийн савгүй орчинд хог хуримтлагдах нь ойлгомжтой. Гэтэл ялгаатай нь Сүхбаатарын талбайд хогийн сав нь ч, шууд шүүрдэж зогсох цэвэрлэгчид байсан ч хог хуримтлагдсаар байсан юм. ТҮК-ийнхэн, мөн ямар нэг холбоо, сайн дурын байгууллагынх бололтой залуучууд хог хаях их хүмүүсийн тарьсныг түүсэн ч барсангүй. Хог түүж уутлах охидыг харсан залуус “Нэмэргүй юм хийгээд хэнхэгтэй гарууд байна даа” гэж даапаална. Орой бүрий болох үеэр хог бүр цагаандаа гарав. Арга ядсан цагдаа нар алга болсон хүүхэд зарладаг өсгөгчөөр “Хүүе Сүхбаатарын талбайд хог хаяхаа больгооё л доо” гэж хашгирч байв. Толгой дээгүүр цаасан шувууд биш гялгар уут хийсэж, хогон дундуур туучихаас өөр аргагүй болов. Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгийн голоор бүр хогон дундуур явах жим гарчихсан түүгээр нь цувж алхана, зарим нэг нь намрын навчсыг өшигчин алхдаг шиг хог манарган алхалцгаана. Үүнийг нь сургамж гэж ойлгоод санал болговол, төрийн байгууллага иргэн аж ахуй нэгжид худалдаа үйлчилгээ зөвшөөрөл олгохдоо “үйлчилгээ эрхлэх гэж буй бол заавал хогийн сав хажуудаа байрлуулсан байх” гэх шаардлагыг нэмж тусгах шаардлагатай мэт.
Өөрөө гудамжинд хог хаяхаа юман чинээ боддоггүй атлаа бусдын шүүмжлэх болохоороо хамгийн сайн шүүмжилж, муулдаг зан зөвхөн Монголд л байна. Гадаад улсад явахаараа хог хаяхгүй, айхтар соёлтой царай гаргаж чаддаг хэрнээ өнөө муу Монголдоо ирэхээрээ өөрөө нэмэрлэдэг муухай зан зөвхөн Монголд л байна. Өөрсдөө дор бүрнээ хог хаядаггүй хүмүүсийн ангилалд багтаж, онлайн ертөнцөд цэцэрхдэг нь олонх байдаг ч үнэн байдал дээр хогийн савыг ашигладаг нь цөөнх. Үнэндээ хог хаях зуршилд нь хөдөө хот, баян ядуугийн ялгаа огт байхгүй. Жишээ болж батлах зүйл өнгөрсөн хүүхдийн баяр байв. Бүр өмнөх жишээ ч байна. Төрийн ордонд “Ви ай пи” хүрээнийхэнд зориулсан дуучин Д.Болдын тоглолтын дараа өнөө муу их танхим ямаршуухан байсан гэж бодож байна. Ялгаагүй хүүхдийн баярын дараах талбай шиг цэвэр усны сав, уусан ундааных нь аяганы хог хөглөрч байв. Урлаг соёлын алдартнууд, төрийн томчуудын авгай хүүхнүүд, бизнесмэнүүд гээд “тусдаа” хүмүүсийн тарьсан хогийг цэвэрлэхийн тулд хаалга үүдийг нь түгжиж байгаад сэм цэвэрлэсэн тул үүнийг олж харсан нь цөөнх.
Эцэг эх нь ил задгай хог хаяад байвал хүүхэд дуурайгаад л хог хаяна. Ах эгч нар нь хогын савыг ашиглавал дүү нар адилхан л ашиглана. Цэвэрлээд нэмэргүй байгаа учраас ганц арга л үлдэж байх шиг байна. Тэр нь эцэг эхчүүдэд хичээл заах. Гадныханд хогийг ангилж хаях тухай асуудал яригддаг бол Монголд хогийг хогийг саванд л хаях тухай асуудал ярина гэдэг ухамсрын хувьд хэдэн арван жилээр хоцорч буйг харуулж буй хэрэг.
Энгийн юмыг мэдэхгүй юм чинь энгийн зүйлийг нь заая. Хогийн савны зургыг томоор хэвлээд, энэ бол хогийн сав гэж тайлбарлая, хэрхэн хогийн саван дотор хог хийдэг тухай зааврыг дор нь бичиж өгье. Уг нь тэнэг биш л бол үүнийг хэлүүлэлтгүй ойлгомоор л юм. Үүнийг хогийн сав гэдэг юм.

Хөвсгөл аймгийн сургуулийн гаднах хогийн савыг сурагчид ийнхүү онцгой болгожээ.

Энэ зураг Америкийн Сиэтл хотын нисэх буудалд дахь хог хаягдлын цэг юм. Бид хогоо иймэрхүү маягаар ялган хаяж байвал ямар вэ гэсэн шийдлийг эвлүүлэг болгон ингэж дүрсэлжээ.

Японы Тенножи буудал дахь хогийн сав. Мөн л хогийг ангилж хаядаг.
Монгол хэлний үгийн санд шинээр орж ирж буй үг. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас сарын өмнө хог хаягдлыг дахин боловсруулж, мөнгө болгох боломжтой гэсэн санааг харуулах оноосон нэрний уралдаан зарлахад энэ үг түрүүлсэн бөгөөд дахин ашиглагдах хог хаягдлыг “Дахивар” гэж нэрлэж хэвшихийг уриалж байгаа. Аливаа зүйлийг хоёр дахин давтан үйлдэх, дахих, дахилт гэсэн утга бүхий “Recycle” гэсэн Англи үгийг “Дахивар” гэж орчуулж болно.