Дэд хороо энэ оны ажлаа төлөвлөв

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Дэд хороо энэ оны ажлаа төлөвлөв

Нутгийн удирдлагын дэд хорооны энэ оны анхны хуралдаан өнөөдөр үдээс хойш болж, дэд хорооноос 2010 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.  Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан дэд хорооны гишүүн Д.Очирбат орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх үүднээс нийслэлийн захын болон төвийн дүүрэг, алслагдсан аймгийн зарим сумын Иргэдийн хурал, хурлын төлөөлөгчдийн ажлыг харьцуулан үзэж танилцах, мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах, гишүүн Э.Бат-Үүл орон нутгийн эдийн засгийн эрх мэдлийг өргөтгөх чиглэлээр урьд нь нэлээд судалгаа хийгдсэн, түр хороо байгуулж ихээхэн санал авч байсан. Дэд хорооны гишүүд энэ бүхэнтэй сайн танилцаж нэгдсэн ойлголттой болох нь чухал байгаа тул ойрын үед энэ чиглэлээр семинар хийх, түүнчлэн удахгүй хэлэлцэх гэж байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлд дэд хороо анхаарлаа хандуулж санал дүгнэлтээ гаргаж өгөх нь зүйтэй байна гэсэн санал хэллээ. Харин гишүүн Ц.Батбаяр ажлын төлөвлөгөөнд тусгасан зарим асуудлыг тодруулж асуугаад орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх, засаг захиргааны нэгжийг томсгох чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулсан Япон, БНСУ зэрэг Азийн адил төстэй зарим орны арга туршлагыг судлах, гишүүн Д.Дондог орон нутгийн бие даасан байдлыг хангах үүднээс төсвийн эрх олгох, татварын орлогын эх үүсвэртэй болгох чиглэлд дэд хороо анхаарах нь чухал байгааг онцолж байв.
      Ингээд дэд хорооноос 2010 онд хийх ажлын төлөвлөгөөг баталж, энэ онд Орхон, Завхан, Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын байгууллагын ажилтай танилцах, Япон, БНСУ-ын орон нутгийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалтын байдлыг судлах, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл, орон нутгийн төсөв, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах асуудлаар ажлын хэсэг гаргаж ажиллах, түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлд дэд хорооноос санал дүгнэлт гаргах асуудлыг УИХ-ын даргад танилцуулж холбогдох байнгын хороонд чиглэл өгүүлэхээр тохиров.
      Мөн орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх, нутгийн удирдлагын байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр урьд нь хийж байсан судалгааны материалууд, иргэд, олон нийт, орон нутгаас ирүүлсэн саналуудтай танилцаж, энэ асуудлаар  нэгдсэн ойлголттой болох үүднээс дэд хорооны гишүүд энэ долоо хоногийн эцсээр уулзаж ярилцахаар боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж