Хуучирсан мэдээ: 2013.06.01-нд нийтлэгдсэн

“Өнөр бүл”-ийн үрс

Асрамжийн газарт хүмүүжин буй бидний ирээдүй

Цасан охин ба долоон одой ой дундуур зугаалж явна… Зүсэн зүйлийн өнгө ялгарах хүүхдийн хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, инээд, тэмүүлэл дүүрэн байгаагаар байшингийн хананд ийнхүү буужээ. Харин амьдрал дээр арай өөр аж. Тэр хананы өмнүүр хүний мөрөөсөл болсон хүүхдүүд,

-Аниа, миний аниа та юу гэсээр гүйлдэж ирэв. Сэтгэлийг нь бодоод “Тийм ээ” гэвэл буцаад явах болоход тэр үг тэдний сэтгэлийг дахиад л зовооно. “Үгүй” гэхнээ мөнөөх сэргэлэн бүлтгэр жаахан харцыг хормын дотор гуниг бүрхэнэ… Ингэж балмагдах зуурт ашгүй “Хүүхдүүд ээ, урлагийн үзлэгээр үзүүлэх бүжгээ бэлдсэн үү” гэж багшийн дуу гарлаа. Намайг бүчин байсан жаалууд шаагилдсаар багш руугаа жирийлээ.

Энэ бол “Сансар” хороололд байрлах “Өнөр бүл” асрамжийн төвийн харьяа улсдаа ганц байгаа цэцэрлэг. Одоогоор цэцэрлэг 20 орчим багштайгаар дөрвөн бүлгээр хичээллэж, 73 гаруй хүүхдийг асарч буй ажээ.  Хүүхдүүд баярынхаа өдөрт зориулж урлагийн үзүүлбэр сонирхуулахаар бяцхан зөгийхөн болон хувирчээ. Тэд тоглолтынхоо бэлтгэлээ хийхээс гадна зарим “зөгийнүүд” өмсгөлөө багшаараа засуулаад , шуугиан ихтэй. “Одоо эргээрэй, далавчаа дэвээрэй. Наана нь утас хөвөрчихөж” гэх зэргээр багш нар хэлж байхыг хүүхдүүд дуулсан ч сонсоогүй мэт амандаа дүнгэнэсээр гүйлдэх нь хөгжилтэй.

Энэ цэцэрлэгт 2-6 насны хүүхдүүд хүмүүжиж буй бөгөөд математик, дүрслэх урлаг, дуу хөгжим, биеийн тамир гэх зэрэг таван төрлийн хичээл үздэг гэж багш нар нь ярилаа. Хүүхдүүд  өглөө 07.00 цагт босч, нүүр гараа угаах, өглөөний дасгалаа хийж эхэлснээр амьдралын нэгэн өдрөө угтдаг байна. Өглөө эрт босоход томчуудад хэцүүхэн байхад “сэргэлэн болжморуудад” бол үгүй бололтой. Хамгийн том нь зургаан настай. Тэднийг  өглөө бага зэрэг унтуулмаар санагдах нэгэнт сурчихсан бололтой. Ингээд дасгалаа хийгээд, цайгаа уучихаад гадаа бага зэрэг салхилан гүйлдэх зуурт нэг л мэдэхэд өдрийн хоолны хонх дуугарна. Хоолоо идсэн багачууд хоёр цаг, гучин минут унтдаг ажээ. Ингээд тоглоом тоглож, зурагт үзэх, оройн хоол идээд, чийрэгжилтийн хичээл хийдэг юм байна. 21.00 цаг болоход багачууд орондоо ордог гэнэ. Одоо хичээл амарчихсан болохоор уг өдрийн дэглэм нь үндсэндээ хүүхдийн энгийн амрах, амьдрах нөхцлийг бүрдүүлсэн гэж багш нар нь хэлж байсан. Хичээл ороод эхлэхээр өдрийн дэглэмд мэдээж, хичээлүүд нэмэгдэх юм.

Харин зун болохоор багачууд зуслангийн байранд очиж, амралтаа өнгөрөөдөг гэнэ. Уг цэцэрлэгийн хичээл тавдугаар сарын 15-нд хаагдсан бөгөөд цаг агаарын тохиромжтойг харж байгаад Хандгайтад  байрлах зуслангийн байрандаа очиж амрангаа, хичээлээ хажуугаар нь давтдаг байна. 2-6 насны хүүхдүүдийг асрах “Өнөр бүл” асрамжийн төвийн харьяа цэцэрлэг зургаагаас дээш нас хүрсэн хүүхдүүдээ Хүүхдийн төлөө үндэсний газар болон холбогдох байгууллагуудын шийдвэрээр бусад асрах төв рүү насны ангиллаар нь харгалзан шилжүүлдэг ажээ. Багш нарын яриа ямартай ч гэрэлтэй, гэгээтэй ирээдүйг амлаж байна лээ. Асрах газрын цэцэрлэгт байгаа бүх хүүхдийн ертөнцийг бүрэн тольдож, өглөөг хэрхэн угтдагаас эхлээд, орой хэрхэн зовхи нь хүндэрч тайван нойрсч, яаж хувь хүн болж төлөвшиж байгааг ажиглаж чадаагүй  ч, ийнхүү тоглолтондоо бэлтгэх зуур нь хэсэгхэн саатах боломж олдсон юм. Хэсэгхэн ийн зуур саатахад асрах цэцэрлэгийн багачуудын харцнаас сэтгэлийн зул нь бөхсөн зүйл олж хараагүй гэдгийг хэлмээр санагдлаа. Ирээдүйд эх орныг түшилцэж явах энхрий үрс минь өсөн торниж байна.

Гэр бүл төвтэй асрах газар ажиллана

Албаны тоо баримт дуулгахад, одоогийн байдлаар улсын хэмжээнд 18 нас хүртэлх 940 гаруй хүүхэд нийт 37 асрамжийн газарт хүмүүжиж байна. Үүнээс Эрдэнэт хотод нэг, Дорнод аймагт нэг, Дархан-Уул аймагт хоёр, бусад нь нийслэлд байрладаг ажээ. Асрамжийн газарт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн гэр бүлийн байдлын талаар Хүүхдийн төлөө үндэсний газраас тодруулсан юм. Үүнээс сонин тоо баримт харагдсан. Халамжийн газарт хүмүүждэг нийт хүүхдийн талаас илүү нь гэр бүлтэй, эсвэл хагас өнчин байдаг ажээ. Ингэхээр асрамжийн газарт зөвхөн өнчин өрөөсөн хүүхдүүд хүмүүждэг биш, эцэг эх нь байлаа ч хүүхдээ авч явах чадваргүй, амьдралын төрөл бүрийн асуудалтай байдаг гэх юм. “Сүүлийн үед  сэтгэлгээний гажуудал буюу гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр хийлгэх нь нэмэгдсэнтэй энэ нь илүү холбоотой” гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Мөн хүүхдээ өсгөж, хамт амьдрах хангалттай орлогогүйгээс болон хорих газар хоригдож байгаа эцэг, эхчүүд яахын аргагүй асрамжийн газар ханддаг ажээ. Тиймээс асрах байгууллага эцэг, эхчүүдийн зовлонг нимгэлэхийн тулд анхлан байгуулагдсан гэдэг. Нөгөө талаараа эцэг, эхчүүд үнэ төлбөргүй хоол унд, хувцас, сургуулиар хүүхдээ хангуулчихъя гэх байдлаар хүүхдээ өсгөх, хариуцлагаас мултрах гэж асрамжийн газар ханддаг тухай шүүмжлэх хүн ч бий. Тэгэхээр асрамжийн газруудын үндсэн бодлого эдгээр асуудлыг тэг голд нь хүүхдийг хэнээс  ч дутахааргүй хүмүүжүүлэх болж байгаа. Хүүхдийн төлөө үндэсний газар одоогоор ямар бодлоготой ажиллаж буй талаар тодруулсан юм. Хамгийн гол нь хүүхдийг зөв хувь хүн болгон төлөвшүүлэхэд гэр бүл төвтэй бодлогыг барина гэж албаныхан хэлсэн. Тодруулбал, тус газар асрамжийн газарт байгаа хүүхдүүдийн бүртгэлийг цахим мэдээллийн санд оруулжээ. Ингээд аль асрамжийн газраас ямар хүүхэд өсч торниод гарч байгаа, хаана сурч, ажиллаж буйг бүртгээд явах юм байна. Асуудлын гол нь асрах газруудаас жинхэнэ үр дүнг харж, зөв хувь хүн болгон төлөвшүүлэхийн тулд тухайн хүүхдийн гэр бүлийн байдлыг ажиглаж, яагаад асрах газарт  ирэх болсоныг судлаад аль болох гэр бүл төвтэй асрах байгууллагын зарчмаар ажиллах ажээ. Ингэхдээ хүүхдийн өсөлт, хөгжил, ирээдүйд хамгийн сайн хөтлөгч нь уулаасаа цусан төрлийн гэр бүлийнхэн учраас тухайн хүүхдэд тулгарсан асуудлыг шийдэж өгч, гэр бүлийнхэнд нь сэтгэл зүйн зөвөлгөө өгөх байдлаар дэмжих юм гэнэ. Ийн ярих нь сайхан сонсогдох ч бодит амьдралд хэрэгжүүлэхэд амаргүй гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз. Санаж явбал бүтэх биз. Ямартай ч асрах газарт ч тэр, гэр бүлд ч тэр хүүхдийн дуу хоолой тод байгаасай билээ.

Сайхан үрсийн минь хацар дээр хайр гэрэлтсэн хүмүүний сүүдэр л тусаасай.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж