Европ ”шаазан” цуурав

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Европ ”шаазан” цуурав

Их Британи, Францын армийн зонхилон оролцсон НАТО-ийн цэргийн үйл ажиллагааг Германы улс төрийн дээд хүрээнийхэн шууд л “XIX зууны үеийн колоничлох аян” гэж нэрлэжээ.

Цууралт 1 : Ливийн дайн

Ливийн хямралыг намжаа­хаар НҮБ-ын мандат­тайгаар НАТО-ийн зүгээс явуулж буй цэргийн ажиллагаа нь тус бүс нутагт амар тайван байдлыг тогтоож чадахгүй байсаар. Харин НАТО хэмээх өрнөдийн орнуудын цэрэг улс төрийн энэ том эвслийг дотор нь хямрааж эхлэв бололтой. Саяхан Берлин хотод болж өнгөрсөн НАТО-ийн  гишүүн орнуудын уулзалтын үеэр энэ нь бүр ч тодорхой харагдсан байна. Энэ үеэр нэг талаас Ливид явуулж байгаа цэргийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжихийг бусад гишүүн орнууддаа уриалан байлдааны ажиллагаанд орол­цож байгаа нисэх хүчний тоо хэмжээг нэмэгдүүлэхийг хүс­сэн НАТО-ийн цэргийн зонхилогч хүч болох Их Британи, Франц зэрэг орон дээрхи тодорхой зорилтуудаа тулган зөвшөөрүүлэхийг оролджээ.

 Гэтэл нөгөө талд нь уг цэргийн ажиллагааг “шинэ үеийн түрэмгийлэл” гэж үзэж байгаа НАТО-ийн гишүүн Төв болон зүүн Европын орнууд энэ саналыг шууд эсэргүүцжээ. Тэдгээр улс НАТО-ийн шинэ голдуу гишүүд байсан ч тэдний саналыг Герман, Испани, Итали зэрэг өрнөдийн бусад томчууд  дэмжсэн тул Ливид явуулж буй байлдааны ажиллагааг тэлэх асуудал тэгэсгээд мухардсан байна.

Ийнхүү НАТО-ийн ги­шүүн ор­нууд тэр дундаа хөгшин Европынхон дотроо хагаралдаж эхэлсэн нь бусдын анхаарлыг маш ихээр татав. Хагаралдах шалтгааныг өн­гөц­­хөн харахад Ливийн одоогийн засаг захиргааны эсрэг явуулсан цэргийн ажил­лагаатай холбоотой гэхээр байгаа ч цаанаа зарчмын өөр асуудал байдаг бололтой. Мэдээж энэ эсрэгцэлд хам­гийн ихээр нөлөөлсөн улс бол Герман байлаа. Ливийн агаарын орон зайг хааж, байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэгнээс тус улсын нутаг дэвсгэрийг бөмбөгдөж байгаа Их Британи, Францын армийн зонхилон оролцсон НАТО-ийн цэргийн үйл ажиллагааг Германы улс төрийн дээд хүрээ­нийхэн шууд л “XIX зууны үеийн колоничлох аян” гэж нэрлэсэн тухай гадаадын хэвлэлийнхэн шуугиж байлаа.

Аливаад туйлбартай зар­чимч ханддаг германчууд болон уламжлалаа хадгалах дуртай итали, испаничууд мөн зүүн Европын хамгийн язгуурлаг уламжлалтай польш зэрэг үндэстнүүдэд НАТО болон түүнд багтах Европын зарим орны өнөөгийн “экстрим” бодлого огт таалагдахгүй байгаа аж. Тухайлбал, хүйтэн дайны буюу улс төрийн эрс тэрс дайсагнал дуусч Зөвлөлт гүрэн задарснаас хойш Европын орнуудад “нэг номерийн” дайсан гэж байхгүй болсон гэж тэд үзэж байна. Мэдээж үүнд Оросын удирдлагуудтай Герман болон Итали зэрэг орны удирдагчдын сүүлийн үед тогтоосон нөхөрсөг харилцаа ч багагүй нөлөөлсөн биз.
Ийм нөхцөлд НАТО-ийн цэргийн үйл ажиллагааг Европын орнуудын “имиж” болгон харагдуулах сонир­холгүй гэдгээ “хөгшин европ­чууд” илэрхийлж байна. Тэд­ний үзэж байгаагаар Европ бол найрсаг бөгөөд энхтайванч үзэл санааг тунхаглагч тив байх ёстой гэж байна. Учир нь, хүн төрөлхтөний хамгийн их гарз хохирол амссан дэлхийн II-р дайны бүх л зовлон зүдгүүрийг тус тивийн бүхэл бүтэн хоёр ч үе биеэрээ туулан амсаж ирсэн түүхтэй. Тиймээс аливаа дайнч түрэмгийлэл Европт зохихгүй гэж тэд үзэж байгаа юм.

Нөгөө талаар Герман улсад Ливи зэрэг орон орших Газар дундын тэнгисийн сав нутагт ашиг сонирхлын ямар нэг “шохоорхол” байхгүй гэдгийг нэгэнтээ зарлаад байгаа аж. Тиймээс Ливийн тэнгэрт “зэвсэг агсаж” даналзах ямар ч сонирхол байхгүй гэнэ. Харин Италийн хувьд бол Германтай “нэг талд гарах” арай өөр шалтгаан байсан аж. Газар дундын тэнгис орчим нь Италид харин ч ашиг сонирхлын онцгой бүс мөн боловч Каддафитай тогтоосон Ромын эрх баригчдын харил­цаа маш сайн байсан тул тэд өнөөдөр Их Британи, Францын эрх баригчдад уурлаж байгаа нь гарцаагүй.

Харин нөгөө талд Их Британи болон Франц улсууд өнөөгийн дайнч ажиллагааны тэргүүн эгнээнээс татгалзах бодолгүй байгаа юм. Франц энэ дайнд нэлээд идэвхитэй оролцож байгааг олон талаар тайлбарлах болжээ. Нэг талаас Франц нь Африкийн орнуудад эртнээс тогтоож ирсэн геопо­литикийн байр сууриа алдахгүй байхыг чармайж байгаагийн дээр нөгөө талдаа Европт тэргүүлэгч байр суурьтай байгаагаа харуулах нэг боломж гэж ойлгож байгаа бололтой. Эдийн засгийн үзүүлэлтээр энэ нь боломж багатай ч ядаж цэрэг дайны  хувьд германчуудаас дутахгүй гэдгээ харуулахыг хүссэн гэнэ.
 
Цууралт 2 : Цагаачлал ба мөнгөн тусламж

Берлинд болсон НАТО-ийн уулзалтын ширээний цаана эсрэгцэж байсан Өрнөд Европын томоохон орнуудын үзэл санааны зөрчлийн цуурай намдаж амжаагүй байтал өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдөр Итали Францын хил дээр бяцхан будилаан үүсэв. Ойрхи Дорнод дахь хувьсгалт нөөлгөнд автаад байгаа Тунис зэрэг Африкийн орны цагаачдыг суулгасан Италийн галт тэргийг Франц улс өөрийн хилээр нэвтрүү­лэхээс татгалзсан байна.

 Тэр даруйд нь Италийн талаас мэдэгдэл хийж Францын хийж байгаа үйлдэл нь гишүүн орнуудынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхээр хангадаг Европын хол­­боооны зарчмыг зөрчиж байна хэмээн гомдол гаргажээ. Харин Франц хилийн дагуу шалган нэвтрүүлэх харуулын цэгүүд гарган, орж ирж байгаа цагаачид хангалттай хэмжээний санхүүгийн батал­гаа гаргаж чадах эсэхийг нь магадлан нэвтрүүлэхээр болж байгаа юм байна. Энэ нь Европын Холбоонд нэгдсэн улс орнуудад Шенгенийн гэгдэх визээр чөлөөтэй зорчих тухай гэрээний заалтыг зөрчиж байгаа юм” гэж Италийн тал үзсээр байна.

Италийн Дотоод хэргийн сайд ноён Роберто Марони энэ асуудлаар телевизэд ярилц­­лага өгөхдөө Францын талаас зорчихийг хориглоод байгаа цагаачдад Итали улс шаардлагатай бүхий л баримтыг бүрдүүлж өгсөн гэжээ. Энэ нь Шенгенийн гэрээгээр хүлээсэн үүргээ Итали улс биелүүлсэн гэж ойлгож болох тул Франц улс давхар шалгаж, цагаачдын эрхэнд хориг тавьж байгаа нь буруу үйлдэл гэсэн байна. 

Харин Францын тал Хойд Африкийн орнуудын цагаачдад Итали улс ийнхүү виз гарган өгч Европын бу­сад орон руу дүрвэн очих боломж олгосонд нь уурлаж байгаа гэсэн мэдээлэл гарчээ. Энэ хэрэг явдлаас өмнөхөн буюу энэ сарын эхээр Итали, Франц улсууд Ливи, Тунис, Египетийн олон мянган цагаачийн замбараагүй нүүд­лээс сэргийлэхийн тулд агаар болон усан замын харуул хамгаалалтыг чангатгах аж­лыг хамтран эхлүүлэхээр тохи­р­сон байсан аж.
Тиймээс Италийн талаас дүрвэгс­дэд чөлөөтэй нэвтрэх бололцоо олгож байгааг францын талаас эрс шүүмжлэн эгдүүцэж байгаа гэнэ. Зарим францын хэвлэлүүд Итали улс ийнхүү цагаачдад боломж олгож байгаа нь санаатай явуулж байгаа бодлого гэх хатуу шүүмжлэл ч цухалзуулсан аж.

Дайран дээр давс үрсэн энэ хэрэг явдал ийнхүү Европын орнуудын бас нэгэн сөргөлдөөний үндэс болж байгаа цагаачдын асуудлаархи маргааныг улам хурцатгаж байна. Өмнө нь Францын ерөнхийлөгчийн шийдвэрээр цыгануудын лагерийг буулгасан нь Европын холбооны бусад орны төлөөллөөс ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан бол энэ удаад ч Франц улс мөн л шүүмжлэлийн бай болох бололтой. Хүний эрхийг тунхаглаж байгаа европын орнууд өөрсдөө Франц шиг цагаачлалд талхиулахгүй байгаа учраас асуудлыг бодитоор харж үзэхгүй байна гэсэн хариу тайлбар ч гарч байдаг тул энэ эсрэгцэл нэлээд амь бөхтэй байх нь мэдээж.

Цагаачлалаас гадна өөр бас нэг асуудал Европыг хувааж мэдэхээр байгаа нь сүүлийн үед Европын холбооноос хүнд байдалд орсон гишүүн орнууддаа өгч байгаа санхүүгийн тусламж дэмжлэг, санхүүгийн нэгдсэн тогтолцоо юм. Одоогоор Грек, Ирланд, Португали гээд Европын гурван улс зуу, зуун тэрбумаар тоологдох санхүүгийн тусламжийг Европын холбооноос авсан буюу авахаар болж байна. ( Грек 67 тэрбум, Ирланд 85 тэрбум еврог авсан бол Португали 80 тэрбум еврогийн дэмжлэгийг ирэх сард авна.) Харин санхүүгийн энэ дэмжлэгийг  Европын зарим улстөрч социалист лагерийн орнуудаас бие биедээ өгч байсан улс төрийн дэмжлэгтэй зүйрлүүлэн хатуу шүүмжлэх болсон аж. Энэхүү “өгөөмөр” санаачилгыг Европын холбооны гишүүн зарим орон дахь улс төрийн хүрээнд дэмжихгүй гэсэн байр суурь улам бүр бэхжих хандлагатай байгаа билээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд өчигдөр болсон Финляндын парламентийн сонгуулиар Европын холбооны дэмжлэгийг эрс эсэргүүцдэг үндэсний үзэлт улс төрийн нам “True Finns” нийт сонгогчдын 19 хувийн саналыг авч парламентдаа 39 суудлыг эзлэх болсон байна. Ингэснээр Европын холбооны санхүүгийн дэмжлэг, тэр дундаа одоо өгөх эсэхийг нь хэлэлцэж байгаа Португалид үзүүлэх  мөнгөн тусламжийг эсэргүүцэгч Финляндын парламент дахь улстөрийн нөлөөлөл улам өргөсч байгаа юм.

Цаашдаа Европын холбооны санхүүгийн нэгдсэн тогтолцоо төдийгүй, еврозон дахь нэгдсэн мөнгөн тэмдэгтээс татгалзах үзэл бодол ч улам газар авахыг үгүйсгэх аргагүй. Хэрэв Европ хагарвал юу болох бол….

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж