Ингээд сайдын нэрэмжит шагналыг Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Билэгсайхан, ЭМШУИС-ийн Молекул биологи, удам зүйн тэнхимийн багш Д.Цэлмэн, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Жавхлан, МУИС-ийн химийн факультетийн багш Т.Энхдөл, МУИС-ийн Геологи, газар зүйн факультетийн багш Л.Жамбажамц, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Батаа, ШУТИС-ийн багш Б.Чинзориг, МУБИС-ийн багш Г.Цэрмаа, ШУА-ийн салбарын эрхлэгч Б.Баатархүү, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Буянтогтох нар өнөөдөр гардан авлаа.
Эрдэм шинжилгээний залгамж үе, авьяаслаг залуу эрдэмтдийг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг дэмжих замаар шинжлэх ухааны чадавхийг бэхжүүлэх зорилготойгоор уг грантыг эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудад ажиллаж буй Монгол Улсын иргэн 35 хүртэлх насны судлаачдад жил бүр олгодог билээ. Энэхүү шагналыг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр судалгаа явуулах, ном, сэтгүүл худалдан авах, гадаадын эрдэмтэдтэй хамтран ажиллах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцоход зориулан ашиглах ёстой юм.
Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи, Монголын залуу эрдэмтдийн холбооноос хамтран зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэн, тэдний бүтээлийн чанар улам бүр сайжирч байна. Уг семинарт жил бүр 400 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцож, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйн мэдлэгээ дээшлүүлж байгаа үр дүн сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа аж.
Д.Долгор