
2011 оны гуравдугаар сард Сирийн иргэний дайн эхэлсэн билээ. Үүнээс хэдхэн сарын өмнө Сирийн сөрөг хүчний цэргүүд Ассадын засгийн газрыг огцорч, ардчилсан дэглэмийг тогтоох ёстой гэж жагсаал цуглаан хийсэн ч засгийн газар үүнийг хүлээж авалгүй жагссан иргэд рүү гал нээсэн юм. Тэд гуравдугаар сар 100 мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал хийж, үүний үр дүнд 20 гаруй босогчид нас баржээ. Энэ нь байдлыг хурцатгаж сөрөг хүчнийхэн ч цэргийн хүч хөдөлгөн дайны байдалд шилжсэн юм. Үүнээс өмнөхөн бас л зургаан хүний амь нас үрэгдээд байлаа. 2011 оны гуравдугаар сарын 15-нд эсэргүүцлийн жагсаал өрнөхөд 15 гаруй хүн нас барсан нь энэ бүх эмгэнэлт хэргийн учиг болсон юм. Одоо ч эмгэнэлт байдал намжаагүй байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 2,5 сая хүний амь нас үрэгдсэн гэсэн базаахгүй судалгаа гарчээ.
Иргэний эхэндээ сөрөг хүчин болоод засгийн газрын хооронд өрнөж байсан бол дунд үеэс нь эхлэн Можахид болон Курдууд оролцож эхэлсэн юм. Гэхдээ тэд сөрөг хүчний талд зогсч байлаа. Засгийн газрын талд тэднээс хэд дахин илүү байж болох Хезболла бүлэглэл байсан. Иргэний дайн удахгүй гэж байсан ч хоёр талаас аль альнаас нь хүчтэй бүлэглэл гарч ирсэн учраас одоог хүртэл дайны сүүдэр арилсангүй. Хамгийн сүүлд Сирийн иргэний дайнд Ливан болон Израйльчууд оролцож эхэлсэн. “Бид Израйлийг энэ асуудалд оролцож эхлэхэд ямар нэгэн мэдэгдэл, байр суурь илэрхийлээгүй. Гэтэл бүр оролцож, пуужин хүртэл хөөргөж, агаарын довтолгоон хийсэн. Хэрвээ дахиад тэд ийм алхам хийх юм бол Сири улс Израйль руу дайралт хийнэ гэдэг ээ албан ёсоор мэдэгдье” гэж Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассад ярьжээ.
Олон улсын хямралуудад сонор байж, нэн тэргүүнд байр сууриа илэрхийлдэг НҮБ энэ удаад Сирийн асуудалд нэлээд хожуу мэдэгдэл хийсэн. Иргэний дайн эхэлснээс хагас жилийн дараа тэд мэдэгдлээ хийж, жилийн дараа гэхэд эсэргүүцэж буйгаа зарласан. Харин тэднээс өмнө АНУ хариу үйлдэл үзүүүлж байлаа. Тэд Афганистан болоод Ирак, Ливи зэрэг улсуудад цэргийн том жижиг удаа дараагийн ажиллагаа зохион байгуулж, дайны хэмжээнд хүргэсэн. Энэ талаас нь харвал Сири рүү цэргээ оруулна гэж дэлхий нийт харж байлаа. Гэхдээ АНУ-чууд байр сууриа илэрхийлэх төдийхнөөр оролцож, Ассад одоог хүртэл тэдний эсрэг үг хэлж, өөрсдийн хүчээр хамгаалж байгааг хэдхэн жилийн өмнө хэн ч таахгүй байсан байх. Ажиглагчид үүнийг АНУ-ын болгоомжилсон үйлдэл гэж дүгнэх хүмүүс бий. Учир нь сүүлийн 15 жилийн хугацаанд гурван ч томоохон дайны ажиллагааг эхлүүлж, ардчилал авчрах нэрээр цэрэг хөдөлгөсөн энэ улсын нэр хүнд хөгжингүй болон азийн орнуудад тодорхой хэмжээгээр унаад байгаа билээ.
Түүхийн урт удаан жилийн туршид Сири, Израйль хоёрын харилцаа тийм ч найрсаг байгаагүй. 1948 оноос эхлэн хилийн маргаан дэгдээж, хоёр улс дайтах хэмжээнд хүртэл хүрээд байлаа. Харин палестин гэх шинэ шүдний өвчин гарч ирснээр Сиритэй харилцаагаа түр хугацаанд зогсоогоод байсан юм. Харин Сирийн иргэний дайнд Израйльчууд оролцож эхэллээ. 1967 онд Голаны дайн гэж нэрлэгдсэн дайн дэгдсэн юм. Сири болон Израйльчуудын дунд орших Голан нэрт газар маргаантай газруудын нэг. Израйль ч, Сири ч үүнийг газар нутгаа хэмээн хардаг. Одоогоос хоёр сарын өмнөөс эхлэн Израйлчууд Сири руу агаарын довтолгоон хийсэн. Тухайн үедээ Израйльчууд үүнийг хийгээгүй гэж байсан ч Сирийн тагнуулынхан энэ дайралтыг Израйлчууд хийсэн гэдгийг олж тогтоосон. Энэ үйл явдлаас хойш сөрөг хүчнийхэн Израйлын дэмжлэгийг авдаг байж магадгүй гэдгийг Ассад мэдэгдсэн юм. Гаргалгааг нь гаргах гээд оролдвол иргэний дайныг Израйл ашиглах нь тодорхой. Сири улсын хямралтай байгааг далимдуулж хүчийг нь сулруулах, эрх чөлөөгөөр барьцаалан маргаантай газрыг нь өөрсдийн мэдэлд оруулах нь тэдний чин хүсэл. Энэ хүслийг биелүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе нь. Гэхдээ энэ мэдээлэл яг таг тодорхой болоогүй ч ийм хандлагаас болж Сирийн иргэний дайнд оролцож байгаа гэдгийг ажиглагчид үгүйсгэхгүй байна.
Энэ жилдээ багтаж Сирийн хямралыг дарах нь барууны орнуудын чин хүсэл. Тийм ч учраас зөвхөн Сирийн асуудлаар хуралдах олон улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байна. Дараагийн долоо хоногт болох энэ хуралдаанд Сирийн удирдагч өөрийн биеэр хүрэлцэн ирнэ. Хэрвээ Ассад барууныхныг сайн ятгаж чадвал дайн цааш зөвхөн Сирийн нутаг дэвсгэрт өрнөнө. Харин барууныхан тохиромжтой санал тавьж чадвал дайн дуусч, улмаар Сирийн энх тайван байдлыг тэд сахиулж болох юм. Одоохондоо бүх юм хараахан шийдэгдчихээгүй байна.