
Энэхүү уулзалтын үеэр мөн уурхайчдын нөхөн олговор, нөхөн төлбөр, өдгөө 50 гаруй сая тн-ын нөөцтэй Налайхын уурхайг цаашид хэрхэн үр дүнтэй ажиллуулах болон нүүрс олборлож байгаа хүмүүсийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, ажлын байрны асуудал хөндөгдсөн. Мөн цэрэгт алба хааж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрөөний талаар ч мөн хөндлөө.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уурхайчдын төлөөлөл болсон тэдгээр хүмүүст хандаж, Монгол Улсын Засгийн газар нийт иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө анхаарч ажиллаж байгаагийн нэгэн адил түвшинд уурхайчдад анхаарал тавьж байгаа гэдгээ илэрхийллээ. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар уурхайчдад нөхөн төлбөр олгох тухай асуудлыг оруулж шийдвэрлүүлсэн. Нэг уурхайчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгохоор болсон гэдгийг тэмдэглэв.
Орд газрын ашиглалт, нүүрсний борлуулалт, уурхайчдын сургалт, ажлын байрны аюулгүй байдал зэрэгт Засгийн газар үүргийнхээ хувиар анхаарч байгаа гэдгийг хэлээд уурхайчдын тавьсан хүсэлтийг судалж, шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө. Мөн тэтгэврийн зөрөөний асуудалд цэргийн алба хааж байсан гэж тусгайлан ялгахгүй цогцоор нь шийдэх болно гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ.