“Олонлог” олимпиадад оролцох сурагчдаа татжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

“Олонлог” олимпиадад оролцох сурагчдаа татжээ

“Олонлог”-ийг хавчсан тул олимпиадад оролцох сурагчдаа татжээ

“Математикийн сайн сургууль” гэсэн эрэлт хэрэгцээ улам газар авч байна. Олимпиад, уралдаан тэмцээнд багш, сурагчдаа дээгүүр байр эзлүүлсэн хувийн болон улсын сургуулиудад уг үзүүлэлтээрээ нэр хүнд, үнэ ханшаа суга өсгөдөг аж.

Зах зээлийн энэ өрсөлдөөн нь сүүлдээ тоочоод баймгүй шударга бус шалгаруулалт, хуйвалдаан болж замаа алдаж буй бололтой. Том компани болон дээрээ татаас ивээл сайтай сургуулиудад улс, нийслэлийн чанартай уралдаан тэмцээнд “бөхийн найраа” нэвтрүүлэн түмний бяцхан үрсийг гомдоон хохироосон тохиолдол хэд хэд гарчээ. Өндөр үнэтэй сүржин сурталчилгаатай “тооны” гэгдэх сургуулиудыг унтрааж орхидог газар бол “Олонлог” сургууль юм. Эднийд голдуу жирийн ардын хүүхэд суралцдаг ба бусдыгаа бодвол тансаг биш хувийн сургууль. Тэд зөвхөн авъяастай хүүхдийг цуглуулж, тусгайлан “уяхгүй”-гээр олон жил амжилтад хүрээд тогтворжсон арга барилтай газар юм. Өнгөрсөн сард дүнгээ гаргасан математикийн улсын аваргад “Олонлог”-ийнхон бүх “төрөл зайд” хүүхдүүд нь финалд шалгарсан төдийгүй бүгдээрээ медалийн болзол хангаж тасархай түрүүлэхээр болоод явсныг оролцсон хот, хөдөөгийн сургуулиуд ярьж байсан. Харамсалтай нь, дүн гарахад арван сурагчийн дөрвийнх нь медалийг болиулж тоогоо зөв гоё бодсон гээд уралдааны комисс “тусгай байр” гэгчийг өгч гомдоосон байна.

Математикчдын хамгийн том тэмцээн болох “Олон улсын математикийн олимпиад”-д Монгол Улсаа төлөөлж зургаан хүүхэд явах ёстой. Колумбад болох ээлжит 46 дахь удаагийн тэмцээнээс медаль авах хамгийн боломжтой сурагчид нь “Олонлог”-т бий. Гэтэл эдний хүүхдүүдийг хассаар байгаад одоо нэг л хүүхдээ явуулчихаач гэж улаан цайм гуйжээ. Бусдыг нь “Орчлон”, “Монгол-Турк” зэрэг сургуульд сурдаг дээдсийн хүүхдүүдээс бүрдүүлж газар үзүүлэхээр болж байгаа аж.

Энэ бусармаг явдлыг цаашид тэвчиж чадахгүй гээд “Олонлог”-ийнхон математикч хүүхдүүдээ тэмцээн уралдаанаас татаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Г.МАНДУУЛ
Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж