Мэдээлэл авах эрх чөлөөний тухай төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Мэдээлэл авах эрх чөлөөний тухай төслийг хэлэлцэнэ

УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваариар өнөөдөр гурван ч байнгын хороо хуралдах юм байна. Эдгээр нь бүгд үдээс хойш хуралдахаар болсон аж. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагт эхэлж, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхийн зэрэгцээ Төрийн албаны зөвлөлийн 2010 оны үйл ажиллагааны тайланг сонсох аж.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.  Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх аж.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 15.30 цагт хуралдаж, Үндэсний  статистикийн хорооны 2010 оны үйл ажиллагааны тайлан, 2006-2010 онд албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг тус бүр авч хэлэлцэхээр болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж