
Хууль батлагдсанаар 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийх бол харилцагчийн мэдээллийг шалгах болж байна. Гэхдээ сэжиг бүхий тохиолдолд харилцагчийн мэдээллийг шалгана, 20 сая төгрөг болон түүнээс дээшхи гүйлгээ гэдэг нь олон улсад мөрдөгддөг жишиг стандарт хэмээн Хууль зүйн сайд тайлбарлаж буй. Уг нь хэлэлцүүлгийн шатанд энэхүү 20 сая гэх босгыг өндөрсгөж 50 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийх нөхцөлд холбогдох байгууллага нь шалгадаг байвал яасан юм бэ. Эдийн засаг томорсон өнөөгийн нөхцөлд хэн хүнгүй 20 сая төгрөгийн гүйлгээ хийх болсон тул тэр бүгдийг сэжигтэй хэмээн тооцож нягтлан шалгах бололцоо хууль хяналтын байгууллагад байхгүй гэх асуудал хөндөгдсөн ч гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээж чадаагүй юм. Тиймээс дээрх 20 саяын босго хэвээр үлдээд байна. Уг нь 2006 онд баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.1.2-д 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхийн өмнө харилцагчийн мэдээллийг шалгана хэмээн заасан ч тэр бүр хэрэгжээгүй аж. Энэ нь хууль эрх зүйн орчин бүрэн утгаараа төгөлдөржөөгүйтэй холбоотой гэнэ. Шинэчлэн баталсан хуульд өмнөх хуулийн “цоорхой”-г нөхсөн заалтууд туссан тул сэжиг бүхий дансыг шалгах бололцоо бүрэн нээлттэй болно гэж холбогдох хүмүүс үзэж байна. Тухайлбал, Санхүүгийн мэдээллийн албанаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэслэлтэй байна гэж үзсэн тохиолдолд тухайн дансанд хяналт тавих, гүйлгээг гурав хүртэл хоногоор зогсоох, дахин сунгах шаардлагатай гэж үзвэл Шүүхийн шийдвэрээр мөн уг арга хэмжээг авч болно. Түүнчлэн хөрөнгө битүүмжлэх зэрэг арга хэмжээ авагдах юм байна. Мөн Санхүүгийн мэдээллийн албаны алба хаагчид ажиллаж байсан болон ажлаасаа гарсан тохиолдолд харилцагчийн гүйлгээний талаарх мэдээллийг бусдад өгөх, дамжуулахыг хориглож тухайн харилцагчийн нууцыг хадгалах үүрэг хүлээжээ.
Холбогдох газрынхны мэдээллээр 2008-2013 оны хооронд хийгдсэн гүйлгээнээс сэжиг бүхий хэмээн үзсэн 1148 мэдээллээс 190-ийг нь шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Тиймээс банк санхүүгийн байгууллагаар дамжуулж мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх арга хэлбэрүүд нарийсч үндэстэн дамнасан зохион байгуулалтын хэлбэрт шилжиж байгаа тул сэжиг бүхий данс бүрийг нягтлан шалгаж энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Мөрдөх алба хүлээх юм байна. Түүнчлэн тус алба төдийгүй төрийн бусад холбогдох байгууллагуудын бүрэн эрх чиг үүрэг нь гадаад улсын ижил түвшний байгууллагатай харилцах боломж мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгээд холбогдох бусад хуулийн төслийн хүрээнд сууж өгчээ. Тиймээс төсөл батлагдсанаар гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг гүйлгээнд оруулан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх боломжтой болохын зэрэгцээ банк, санхүүгийн систем дэх найдвартай, тогтвортой ажиллагаа хангагдах юм байна. Тэр хэрээр НҮБ, ФАТФ зэрэг Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын зүгээс тавих хяналтыг эрсдэлгүй туулж, олон улсын банк санхүүгийн салбарт Монгол Улсын итгэл хүлээх чадвар дээшилнэ.
Сануулахад, ФАТФ-ын хар жагсаалтад Куба, Болив, Этиоп, Гана, Индонез, Кени, Мъянмар, Нигер, Пакистан, Турк, Сири, Танзани зэрэг орон багтжээ. Харин хар жагсаалт дотроо хамгийн эрсдэлтэй буюу цөмийн зэвсгийг санхүүжүүлэх, түгээх зорилготой орнуудад Иран, Хойд Солонгос орсон байдаг юм байна.