“Тэнэмэл” тодотголтой хүүхдүүд хаачив?

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

“Тэнэмэл” тодотголтой хүүхдүүд хаачив?

-Ээзгий ааруул ёроолд нь дэвтээсэн
Ээжийн бор аяга харагдаад байна аа…. гэж сөөнгө дуутай бяцхан жаалын дууг сонсолгүй уджээ. Шил лаазхан түүж голоо зогоодог хүүхдүүд үзэгдэхээ больсоныг гэнэт анзаарлаа, та анзаарсан уу? Гудамжинд ганц нэгээрээ яваа охид, бүсгүйчүүдийг айлгаж, ичээдэг тэр танхай гэмээр хүүхдүүд нэг мэдэхэд л алга болчихож. Тэдний байхгүй болохоор хаачсан юм бол гэх бодол төрнө. 

Гэтэл нэгэн танил маань “Барууны хөгжилтэй орнуудад сахар, зүрх судас, бусад төрлийн хөгжил дагасан өвчнүүд огцом нэмэгдсэн. Үүнээс үүдэж Ази дахь хүний наймаачдын бүлэглэлүүдтэй тэдгээр орны баян хэрэглэгчидтэй хамтарч ажиллаж эхэлснээр бие, эрхтэний наймааны эхлэл тавигдаж, хараа хяналтгүй хүүхдүүд хамгийн том золиос нь болж байгаа юм” гэхийг сонслоо.

Зарим нь “Гудамжинд амьдардаг хүүхдүүд өсч том болоод амьдрал ахуйгаа дээшлүүлээ байлгүй дээ…” гэхийг ч сонслоо. Тэгвэл өөр нэг хэсэг нь “Багаасаа танхай байсан хүүхдүүд нас бие гүйцээд хулгайч, дээрэмчин болоод хэцүү хаалгыг татаа байлгүй” гэнэ. Хүн хүний бодол санаа өөр өөр юм.

Улсын боловсролын их сургуулийн урд автобусны буудлын хажууханд өвөл, зунгүй дуулж суудаг нэгэн жаалтай одоогоос долоон сарын өмнө автобус хүлээнгээ хэдэн үг солиход,

-Манай найзыг хар машинтай хүмүүс аваад явсан гэж ярихыг нь сонсоод тэрүүхэн үедээ гайхасхийгээд л өнгөрсөн юм. Гэтэл тэр жаал ч өнөөдөр харагдахаа байжээ.

Гудамжны гэх тодотголтой хүүхдүүдийг “хар машинтай” танихгүй хүмүүс хааш нь авч явдаг юм бол. Үнэхээр эдгээр багачуудыг эд эрхтэн, хүний наймааны золиос болгоод байна гэх яриа үнэн юм биш байгаа.

Албаны статистикаас харвал, гудамжны тэнэмэл хүүхдүүдийн тоо буурсан үзүүлэлттэй гарчээ. Нийслэлийн Цагдаагийн газрын харъяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв /ХХХТТ/-өөр дамжин гэртээ болон асрах төвд очсон хүүхдийн тоог оноор нь авч үзвэл 2006 онд 1158, 2007 онд гучаар буурч 1128, 2008 онд 87-оор буурч 1041, 2009 онд 881, 2010 онд 865, 2011 онд 889, 2012 онд 690, 2013 оны тавдугаар сарын байдлаар 260 хүүхэд болж тэдний тоо буурчээ. Эдгээр хүүхдүүдийн 60 орчим хувь нь 9-14 насны, үлдсэн хувь нь 14-18 насны хүүхдүүд эзэлдэг гэнэ. Илүү тодруулбал, 2006 онд гэрээсээ зугтсан арван нэгэн настай жаал одоо 18 хүрсэн гэсэн үг. Тиймээс тэднийг тэнэмэл хүүхдийн жагсаалтаас хассан гэж ойлгож болно. Хараа хяналтгүй хүүхдүүд ихээр бий болсон 1996 оноос хойш өдийг хүртэл нийт 25 мянган хүүхэд, жилд дунджаар 2000-2500 хүүхэд энэ төвөөр дамжсан гэх тоог ч албаны хүн хэллээ. Эдгээр “тэнэмэл” тодотголыг “зүүж” явсан хүүхдүүд одоо насанд хүрч ядуусын эгнээг өргөтгөх болжээ.

…Эргээд тэднийг донор болгоод байгаа гэх яриаг үргэлжлүүлэе. Тэднийг хилээр гаргана гэж бодъё. Ингэвэл хамгийн түрүүнд тухайн хүүхдийн бичиг баримт хэрэгтэй болно. Учир нь гаалийн байгууллага хүүхэд дагуулаад хилээр гарах гэж буй хүнээс хүүхдийн төрсний гэрчилгээ, ээж, аав нь болохыг баталсан бичиг баримт шаарддаг. Хэрэв хүүхдийн төрсөн, аав ээж нь биш бол ээж, аавынх нь итгэмжлэл, хүүхдийн гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр зураг шаарддаг аж. Харин энэ хугацаанд хилээр хэдэн хүүхэд гарч, хэд нь буцаж ирсэн талаар тодорхой мэдээлэл алга. Тэгэхээр тэнэмэл хүүхдүүдийг донор болгож байна гэх яриаг ул суурьтайхан үгүйсгэх хийгээд батлах баримт алга.

Цөөрч байгаа бас нэг шалтгаан нь 1990 оны эхээр олон үйлдвэр зогсч, ажлын байргүй болсоноос нийтээрээ амжиргааны түвшин гэнэт муудсан. Олон хүүхэдтэй айлын амжиргаа буурч, хоол, хүнс хүрэлцэхгүйгээс хүүхдүүд гудамжинд гарч байсан гэсэн судалгааг 2010 онд Хүүхдийн төлөө газараас хийжээ. “Харин өнөөдөр айл бүр ямар ч гэсэн амжиргааны эх үүсвэртэй, мөн цөөхөн хүүхэдтэй байгаа тул гудамжинд гарах эрсдэл нь багассан” гэж ХХХТТ-ын захирал Ч.Аюурзана хэллээ. Харин статистик мэдээлэл түүний хэлснийг үгүйсгэж байна. “Баялгийн хувь” хувьцаат компаниас энэ оны эхэнд хийсэн судалгаагаар иргэдийн гурван хувь нь чинээлэг, 60 орчим хувь нь дундаж, үлдсэн 37 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур гэсэн судалгааг гаргажээ. Тэгвэл өнгөрсөн онд ядуурлын түвшин 29.8 хувьтай байна гэж статистикчид мэдэгдэж байлаа.

Өнөөдөр хүүхдүүд гэрээсээ дайжихад архидалт, хүчирхийлэл, амжиргааны түвшин, гэр бүл салалттай холбон албаныхан тайлбарлалаа. Эдгээр шалтгаан дээр PC буюу компьютер тоглоомонд донтох явдал ч нөлөөлж буй гэнэ. “Гудамжинд гарч байгаа 100 хүүхдийн 50 нь PC тоглоомноос болж орон гэрээсээ дайжсан гэх дүгнэлтэнд хүрсэн”  гэдгийг ХХХТТ-ын захирал Ч.Аюурзана хэлж байна. Хүүхдүүд эцэг эхээсээ мөнгө авч тоглоно. Эцэг эх нь өгөхгүй бол ямар нэгэн аргаар мөнгө олж PC-нд тоглох, хонох арга хайж эхэлнэ. Энэ нь хүүхдийг гудамжны амьдрал руу татан оруулдаг бололтой.

Улсын Дээд шүүхийн Судалгааны төвөөс гаргасан судалгаагаар зөвхөн 2012 онд 3878 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ тоогоор хүүхдүүд гудамжинд гарсан гэж хэлж болохгүй ч хүүхдэд хандуулах анхаарал энэ хэмжээгээр буурна гээд хэлчихэд хилсдүүлэг болохгүй л болов уу. Үүнийг дараагийн тоо батлаад байх шиг. Сүүлийн зургаан жилд нийслэлд 17 хүн эцэг, эх байх эрхээ хасуулсан бол Дорнодод 9, Дархан-Уулд 5, Ховдод 4,  Өвөрхангайд 3, Сэлэнгэд 2, Архангай, Булган, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дундговь аймгуудад тус бүр нэг хүн эцэг эх байх эрхээ хасуулжээ.

Тиймээс хүүхдүүдэд тавих анхаарал сайжирчихлаа гэж хэлж даанч чадахгүй.

Гудамжинд гарах хүүхдийн тоо багасч байгаа нь сайхан сонсогдож байгаа боловч үнэндээ тэд яагаад багассан бэ гэдгийг яг таг хэлчих баримт, судалгаа өнөөдөр алга. Харин ч эсрэгээрээ гэр бүлийн салалт, гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эх байх эрхээ хасуулсан хар бараан баримтууд нүд эрээлжлүүлж байна.

Эцэст нь дахиад нэг асууя. Тэд хаачив?! Том болохоор явсан гэж найдья.  

М.НАРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж