Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Ингэж хэлмээр үе өдөр бүр тохиох их хотын амьдрал. Хүнээсээ олон машинтай, явган хүний замгүй, зөвхөн машинд зориулагдсан гэмээр их хот. Хүний аюулгүй байдлыг хангаж чадахуйц нэг ч гэрэл дохио тэмдэг, тэмдэглэгээгүй замын хөдөлгөөний орчин. Дүрэм журам ч гэж байхгүй, байгаа дүрэм журмаа ч мэддэггүй сайн дураараа хөдөлгөөнд оролцогчид. Тоочоод байвал болж бүтэж байгаа юм нэг ч алга, энэ хотын зам дээр. Нэг их өндөр том байшин барилгаас илүү хөгжилтэй орны хөгжлийг, тэдний соёлыг замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаагаар нь дүгнэдэг. Тухайн оронд хууль дүрэм журам хэрхэн мөрдөгддөг, хэр зэрэг нарийн зохицуулагдсан нь замын хөдөлгөөнөөс нь шууд харагддаг. Учир нь замын хөдөлгөөн бол онцгой процесс. Энд аргацаах, хээл хахууль өгөх, мэдэн будилах боломжгүй бөгөөд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь нас гурваараа шууд хариуцдаг. Ийм учраас суурин соёлын хөгжлийн хамгийн чухал хэмжүүрийг эндээс харж болдог.

Улаанбаатарын хувьд:

Ачаалал даадаггүй зам гэж байдаггүй. Зөвхөн зохицуулалт л дутагдаж буй хэрэг. Нэг талын урсгалтай, нэг л машин багтах зам дээр машинаа тавьчихаад алга болчихвол түгжрэл үүсэх нь ойлгомжтой. Орон сууц, барилга байгууламжид тавих автозамын газрын шаардлага, тэмдэг тэмдэглэгээ, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан ямар нэг зохицуулалт хийгдээгүйгээс олон давхар өндөр барилгын үүдэнд зогсоолын замбараагүй хэрэглээнээс үүдсэн түгжрэл бий болдог. 

Зохицуулалт бол заавал биечилсэн байдлаар, хүн зогсож байж хийх албагүй. Хэдийгээр автозамын хөдөлгөөний дүрэм журмаар зохицуулагдах ёстой ч суурин соёлд харьцангуй шинэ монголчуудын хувьд олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, захиран тушаах, боловсрол олгох, мэдээлэх гэх мэт олон янзын аргаар шийдэж болно. Автозамын хөдөлгөөнд оролцож буй үйлдэл бүхэн зохицуулалт шаарддаг бөгөөд үүнийгээ илэрхийлж буй арга хэлбэр нь тухайн тээврийн хэрэгсэл дээрх биет зүйлс болох гэрэл дохио юм. Ийм учраас Улаанбаатарын замын хөдөлгөөний зохицуулалтын талаар цөөн санал хуваалцая. Юуны өмнө хотын захиргаанаас эхлэе. Байшингийн халаалт шийдэх гээд зам сэтлэж байгаа нөхдүүдийг зогсоох эрх мэдэлтэй, эсвэл замын тэмдэг тэмдэглэгээг хүссэн газраа хийдэг, авто зам дээр хаан шиг эрх мэдэлтэй ямар байгууллага байна? Замын цагдаагийн газар уу, хотын тээвэр зохицуулалтын газар уу? Эсвэл ердөө Засаг дарга уу? Нэг жилийн дотор Улаанбаатар хотод хэчнээн обьект, барилга байгууламж нэмэгдэж байгаатай холбоотойгоор шаардлагатай бол тухайн орчинд зохицсон замын хөдөлгөөний шинэ зохицуулалт хийгдэж байх ёстой. Учир нь обьект бүхэн эргэн тойрондоо өөрийн гэсэн хөдөлгөөний урсгалыг бий болгодог учраас зохицуулалт шаарддаг.

Хүний хүчин зүйл:

Энд зохицуулалтыг гардан хийж буй замын цагдаагийн боловсрол, мэргэжлийн ур чадвар болон эрх мэдлийн талаар дурдая. Эрх мэдлийг хангамж дагалдах ёстой. Энэ хангамж нь эрүүл мэндийн өндөр даатгал, үйлчилгээнээс гадна өндөр зэрэглэлийн цалин хангамж орно. Ийм ажил дээр очихын тулд тодорхой боловсролын болон мэргэжлийн шалгуур үзүүлэлт хангах ёстой. Замын хөдөлгөөний дүрэм, хуулиа өөрсдөө сайн мэдээгүй ажилтнууд олон бөгөөд нийтэд нь “замын цагдаагийнхан” гэсэн байдлаар нийгэм дэх үнэлэмж, мэргэжлийн ач холбогдлыг нь унагахаас байнга сэргийлж байх ёстой.

Автозамын хөдөлгөөний зохи­цуу­лагч-Хуульч гэсэн байдлаар замын цагдаа нараа бэлдэхийг цаг болсон. Хөдөлгөөнд оролцогч жолооч нарт тавих шаардлагыг өндөрсгөх ёстой. Энэ нь жолооны тодорхой сургалт авч, замын хөдөлгөөнд оролцох эрхээс гадна дүрэм журам биелүүлээгүй тохиолдолд эрх хасах, торгох, баривчлах гэх хариуцлагыг чангатгах. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгийн үр дүнтэй арга бол хариуцлагыг чангатгах. Хэрвээ та Зогс тэмдгэн дээр зогсоогүй бол гурван сар замын хөдөлгөөнд оролцох эрхийг чинь хасч, нэг сая төгрөгөөр торгоно гэвэл хүлээн зөвшөөрөх үү, зөвшөөрч чадахгүй бол уучлаарай, таныг дахин замын хөдөлгөөнд оруулахгүй гэх эрх мэдлийг Замын цагдаад нь өгье.

Замын тэмдэг тэмдэглэлээ:

“Зогс” гэж эхэлсэн нийтлэлийн хамгийн чухал санаа бол энэ. Зогс тэмдэг бол замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдалтай холбоотой тэмдэг. Эцсийн эцэст замын хөдөлгөөний бүх зохицуулалт аюулгүй байдал дээр ирж төвлөрөх ёстой, түгжрэлгүй зорчих гэж замын хөдөлгөөний дүрэм зохиодог улс орон хаана ч байхгүй. Зөвхөн дарга, сайд нар хамгаалалт хэрэглэж зорчих биш, замын хөдөлгөөнд оролцож буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангах ёстой. Ийм зохицуулалт ихээр шаарддаг сургууль, цэцэрлэгийн орчин байна. Энэ орчинд онцгой анхаарч хурдны хязгаарлалт, Зогс тэмдгийн хүчтэй хязгаарлалт хэрэгжүүлэх цаг нь болсон. Нэгэнт гэр хорооллын замын хөдөлгөөний орчинг сайжруулах, зам  болон бусад обьектыг тийм амархан барьж байгуулах боломжгүй учраас гэр хороолол доторх хурдны хязгаарлалт тухайн дүүрэг, хорооны, гудамжны онцлогийг харгалзан шинэчлэн тогтоох, Зогс тэмдгээр баталгаажуулах шаардлагатай. Мөн түүнчлэн явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээг Зогс тэмдгээр баталгаажуулах ёстой. Зам дээрх гарцын зураас нь зөвхөн гарц хаана байгааг зааж заасан мэдээлэл өгөх төдийгөөр хязгаарлагдаж болохгүй. Гарцын тэмдэг харсан явган зорчигч гарц тэнд байна гэдгийг мэдэхээс тэр гарцаар гарвал аюулгүй юм байна гэсэн үг биш юм. Ийм учраас явган хүний гарцын зураасан тэмдэглэгээ болон гарцын тэмдгийг Зогс тэмдгээр баталгаажуулж өгвөл улаан гэрлийн үүрэг гүйцэтгэж, явган зорчигчийн аюулгүй байдлыг илүү баталгаажуулж өгөх учиртай.

Гэрэл дохионы стандарт:

Явган хүн зам хөндлөн гарч амжаагүй байтал улаан гэрэл асах нь явган зорчигчийн аюулгүй байдлыг хамгийн ихээр алдагдуулдаг. Энэ удаа тав тух, айдасгүй зорчих тухай ярихаа болъё. Гэрэл дохионы уялдаа холбоо, нэгдсэн стандарт байхгүйгээс уулзвар нэвтэрч байгаа явган зорчигч, автотээврийн хэрэгсэл хоёрт нэгэн зэрэг ногоон гэрэл асч өсдөг нь тэднийг зэрэг хөдөлгөөнд орохыг шахсан, нэг ёсондоо “зохицуулалт” биш, “үймүүлж буй хэрэг”. Сентрал Тауэрын баруун урд талын замын уулзварын гэрэл дохио үүний хамгийн тод жишээ.

Сүхбаатарын талбай бол Улаанбаатарын хамгийн аюултай орчин:

Энэ талбай дээр хүмүүс сэтгэл хангалуун амарч, тайван алхаж, тоглож наадахаар ирдэг. Гэвч талбайг дамжин өнгөрч буй хүмүүст шаардлагатай гарцыг нь хийж өгөөгүйгээс талбайн хоёр талаар урсах замын хөдөлгөөн улам аюултай болгодог. Явган зорчигчийн төрөлх араншин, шинж бол аль болох зам товчлох. Үүний тулд аюулгүй газраар хурдан явахыг боддог. Явган зорчигчид зориулсан гарц хоорондын зай тухайн орчноос шалтгаалж хийгдэнэ үү гэхээс нэг зам дээр зөвхөн тэдэн ширхэг гарц байна гэх нь амьдралаас хэтэрхий тасархай, бодит байдалтай нийцдэггүй. Түүнээс гадна, Сүхбаатарын талбайд ямар нэгэн хайс, хашаа, хамгаалагч, хурд сааруулагч байхгүй учраас хэзээ ч, ямар ч согтуу, галзуу машинтай хүн нэг өдөр түмэн хүнийг бэртээж гэмтээх, төрийн ордны өмнө, Чингис хааны хөшөөний өмнө, Сүхбаатарын хөшөөний өмнө цусан зам татуулахыг таашгүй.  Иймээс Сүхбаатарын талбайг хашаажуулж, баруун болон зүүн талын зам дээр дор хаяж хоёр, хоёр гэрэл дохиогоор баталгаажсан явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэгээ байх ёстой. Үүнээс болж түгжрэл үүснэ гэж үзэж, болгоомилж байгаа бол хотын захиргаа гэж байхын ч хэрэггүй юм. Эцэст нь нэг зүйлийг сануулъя. Жолооч нар, явган зорчигч нар хэзээ ч зам тээврийн бүтээн байгуулалтад оролцохгүй, тэд бол зөвхөн үйлчлүүлэгч, тэдний аюулгүй байдалд зориулсан зохицуулалт хийж, дагаж мөрдөхийг хүчээр шаардах нь Хотын захиргааны үндсэн ажил юм.

Замын хөдөлгөөнөөр соён гэгээрүүлье:

Яг үнэндээ Авлигатай тэмцэх газар “соён гэгээрүүлэх тасаг” байх нь их марзан, тэдний хэлснээр соён гэгээрээд шударга байгаад байх нь ч юу л бол. Харин хотын захиргаанд “Замын хөдөлгөөнөөр соён гэгээ­рүүлэх” тасаг ч юм уу, хэлтэс ч юм уу, адаглаад замын хөдөлгөөний дүрмээ хүний аюулгүй байдалтай нь уялдуулаад яриад байж байдаг ганц нэг хүн үнэхээр хэрэгтэй. Агаарын бохирдол, хотын утааг багасгахаар хөрөнгө мөнгө төсөвлөж чадаж байгаа бол замын хөдөлгөөний дүрэм сахиулах, энэ дүрмээ боловсронгуй болгох, энэ салбарынхаа хүмүүст оруулах хөрөнгө мөнгө төсөвлөх цаг аль хэдийнэ болжээ, сая гаруй хүнтэй том хот шүү дээ, манай Улаанбаатар чинь …
2013.05.22

Н.БАТЖАРГАЛ

Эх сурвалж: “NEWSWEEK” сонин №013

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж