Үндэсний их баяр наадмыг хэрхэн тэмдэглэх вэ?

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадмыг хэрхэн тэмдэглэх вэ?

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс өчигдөр хуралдаж, энэ жилийн баяр наадмыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэлэлцлээ. Баяр наадмыг зохион байгуулах комиссоос гаргаж байгаа дараах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлах юм. Жил, жилийн наадмын нээлт, хаалт, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, урлагийн тоглолтыг ард түмэн цэнхэр асар, цэнхэр дэлгэцээрээ шимтэн үздэг. Тэгвэл энэ жилийн наадмын урлагийн тоглолт, хүндэтгэлийн арга хэмжээг Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам илүү өвөрмөц, шинэлэг байдлаар найруулахаар болжээ.

 
Хүй долоон худгийн шинэчлэн тохижуулна

Наадамчдын эрүүл аюулгүй орчинд наадамлах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг шинээр хийхээр төлөвлөсөн байна. Хурдан морьдын уралдааныг шимтэн үзэхээр ирсэн иргэдийн ая тухыг хангахын тулд энэ жил 40 гаруй тэрбум төгрөг төсөвлөж, бүрэн засвар өөрчлөлт хийхээр болжээ. Тодруулбал, долоон мянга гаруй автомашины зогсоол шинээр барьж, байгуулах аж. Мөн үзэгчдийн суудлыг илүү тохилог болгох үүднээс зөөвөрлөх, угсрах боломжтой гурван мянга гаруй наадамчдын суудал байрлуулахаар төлөвлөсөн байна. Харин наадамчдын зорчих хэсэг болон үйлчилгээний хэсгүүдэд эко хавтан тавьж, нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж комиссын гишүүд үзлээ. Тоосоор гоёсон монгол наадам болгохгүйн тул энэ жил мөн “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэл шинээр автозам тавих зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Мөн хурдан морьдын уралдааныг зохион байгуулах салбар хорооноос “Энэ жил уралдах морьдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас зохион байгуулалтыг сайжруулахаас гадна, гарааны төхөөрөмжүүдийг шинэчлэх хэрэгтэй” байгааг танилцуулсан юм.

Хүй долоон худаг орчимд хийх зарим тохижилтын ажлын хөрөнгийг “Гудамж төсөл”-ийн хүрээнд “Чингис” бондын хөрөнгөөс гаргах боломжтой гэж Засгийн газраас үзэж байгаа аж. 

Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд

Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн бие засах газрыг хангалттай хэмжээгээр шинээр байгуулж байрлуулахаас гадна наадамчин олонд наадмын үйл ажиллагаа, автомашины зосоол  наадмын үйлчилгээний тухай мэдээлэх мэдээллийн самбаруудыг байрлуулахаар төлөвлөжээ. Мөн сур, шагайн харвааны талбайд шинээр тохижилт хийх нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, сурын харвааны үзэгчдийн суудал автомашины замтай ойр учраас үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс автомашины замаас тусгаарлах хэрэгтэй байгааг комиссын гишүүд хэлж байлаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд сур харвааг сонирхох наадамчдын суудлыг шинээр хийж, сурын зурхайг өргөсгөн, автомашины талбайн зогсоолыг дахин засч тохижуулах юм байна. Дашрамд дуулгахад, Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохоор манай оронд 12 мянга гаруй гадаадын жуулчин ирэх юм байна.

 50 тэрбум төгрөг шаардлагатай

Үндэсний их баяр наадмыг эрүүл, аюулгүй орчинд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхэд нийтдээ 50 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо байгаа ч үүний 3,4 тэрбум төгрөгийг наадмын бодит үйл ажиллагаанд, Хүй долоон худагт хийх бүтээн байгуулалтад 40 орчим тэрбум төгрөг  зарцуулахаар төлөвлөөд байна.

Дахин сануулахад, дээрх санал санаачилгыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж