
Гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг зургадугаар сарын 1-нд “Алтанцэцэг” нэртэй бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд 19.00 цагт ганцхан удаа хийх гэж байгаа билээ. “Алтанцэцэг” тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам ажиллан тоглолтын хөгжмийн найруулгыг “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү хийж байгаа бөгөөд “Никитон” хамтлагийн хөгжимчид тоглох юм. Мөн симфони оркестр, “Морин хуурын чуулга”, ХБК-ийн цохивор хөгжмийн чуулга, Хүүхдийн ордны найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн чуулгын бүжигчид гээд 1000 гаруй хүн оролцож буй нүсэр тоглолтын бэлтгэлээ хэдийнээ хангаад байгаа гэсэн шүү. Түүний тоглолтын хамгийн гол онцлог нь Монголд анх удаа 3D холограмм ашиглаж байгаа. Энэ текнологоор өмнө нь Монголд тоглолт хийж байгаагүй ба дэлхийн хөгжмийн урсгалд орж ирээд удаагүй байгаа сүүлийн үеийн шинэ дэвшил юм байна. Тийм болохоор гадаадаас хөгжмийн мэргэжилтнүүд ирж, Монголын үзэгчдэд өвөрмөц тоглолтыг толилуулах нь.
Дуучин Алтаагийн тоглолтод түүний хит дуунуудаас нь гадна анх удаа гитарчин Өөжгийтэй хамтран бүтээсэн “Чамайгаа үнсье” дуу болон “Никитон” хамтлагийн Бачкагийн түүнд зориулан зохиосон “Алган дээрх үрс” хэмээх хоёр шинэ дуу эгшиглэх юм байна.
Поп дива тоглолтын тасалбараа өөрийн цомгийн хамт хэвлүүлж, 30, 60, 100 мянган төгрөг үнэтэйгээр Соёлын төв өргөөний кассаар борлуулж байгаа юм. Мөн 1617 тусгай дугаарт залган тоглолтын тасалбарыг үнэгүй хүргүүлж болох гэнэ.
Г.ДАША