“Future mongolia-2013” бүх салбарын техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн хоёр дахь жилдээ болох гэж байна. Үзэсгэлэн зургадугаар сарын 19-22-ны өдрүүдэд “Буянт-Ухаа”спорт цогцолборт болох бөгөөд нийт 3000 м.кв үзэсгэлэнгийн танхимд шинэ техник технологи дэлгэн харуулах ажээ. Тухайлбал, барилгын материал, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбоо, банк санхүүгийн салбарт шаардлагатай эд анги танилцуулах юм байна.
Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид нь “Монгол Улсын Засгийн газраас ойрын үед төлөвлөгдөөд байгаа олон улсын нисэх онгоцны шинэ буудал, зам тээвэр болон төмөр замын шинэ сүлжээнүүд, орон сууцны барилгын томоохон төслүүд нь импортын шинэ боломжуудыг нээж өгч байна. Монголд төдийгүй дэлхийд чанар чансаагаараа өндөрт үнэлэгддэг бүх л салбарын үйлдвэрүүдэд энэ нь маш том үйлдвэрлэл, зах зээлийн боломжийг нээнэ” гэж онцолж байна. Үзэсгэлэнд оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, компаниуд http://www.future-mongolia.com/mo/ цахим хуудсанд нэвтэрч, бүртгүүлэх боломжтой ажээ.
У.БОЛОР

