Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Тэрслүү Ай Вэй Вэй

-Хятадын шоронд 81 хоног хоригдсон Ай Вэйвэй шоронгийн тухай тэрслүү клип хийжээ-

Хэн юм бэ гэж үү? Хятадад бол эдийн засгийн гэмт хэрэгтэн, тэрс үзэлтэн хэмээн адлуулагч. Харин жирийн хүмүүст бурууд нүд хурц, эгэлгүй уран бүтээлч. Контемпорари бүтээл, инстоляциуд нь барууны орнуудад өндрөөр үнэлэгддэг Ай Вэйвэй 2008 оны Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг барихад дизайны зөв­лөхөөр ажилласан билээ.

Ай Вэйвэйг хоёр жилийн өмнө Хятадын цагдаа нар тэрс үзэлт блогч, хуульч, тэмцэгч нарын ээлжит баривчилгааны үеэр баривчилсан юм.

Түүнийг баривчилсан нь ихээхэн шуугиан тарив. Хятадын хууль сахиулагчид түүнийг ямар гэм буруутайг тодорхойлж чадахгүй 81 хоног нууц шоронд хорьсны эцэст суллахдаа татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж, 2.4 сая ам.долларын торгууль ноогдуулсан байдаг. Хүчээр тулгасан энэхүү торгуулийг төлөхөд түүний фенүүд, дэмжигчид нь мөнгө цуглуулж тусалсан. Түүнд туслахаар ядуу, ноорхой, хувцастай царай дортой ч тав, арван юань атгасан хүмүүс студийнх нь гадаа дугаарлаж, мөнгөө хандивлаж, торгуулиас гэтэлгэж буй сэтгэл хөдлөм зураг гарч байсан билээ. Хэдийгээр тэр торгуулийг төлсөн ч гэсэн хууль бус гэж давж заалдаж байсан. Мэдээж шүүхийн шийдвэр түүнийг дахиад л буруутгасан.

Гэтэл тэрс үзэлтэн дахиад л нэг шуугиан тарилаа. Тэрээр 81 хоногийг өнгөрүүлсэн шоронгийн амьдрал, “хоригдол” хуягуудыг дүрсэлсэн хүнд метал урсгалын  клипийг өнгөрсөн долоо хоногт гаргасан нь цахим ертөнцөд үзэгдэл болж байна.

Хүний эрхийг уландаа гишгэгч гэгддэг нэг намын тогтолцоотой энэ ул­сын шоронгийн амьдралын нэгээ­хэн хэсгийг харуулсан уг клипийг Хятадад гаргахыг хоригложээ.

Ай Вэйвэй шоронгийн “жинхэнэ хоригдлууд” болох хуягууд  түүнээс гадаад ертөнцөд юу болж байгаа болон сексийн тухай өөр олон зүйлсийн тухай нууцаар асуудаг байсныг дурсан ярьжээ. Хятадад шоронгийн хуягууд яг хоригдол шигээ шоронгоос гарах эрхгүй байдаг. Хуягууд шоронд хоригдож буй Ай Вэйвэйгээс дуу дуулж өгөхийг гуйдаг байсан бөгөөд энэ нь хийх юмгүй хүнд дуусахгүй мэт өдөр хоногийг өнгөрүүлэхэд нь  нэг ёсны эм болдог байсан аж. Харин шоронгоос суллагдсаныхаа дараа Ай Вэйвэй тэдгээр залууст хүн болгон дуртай үедээ дуулж болдог гэдгийг дээрх бүтээлээрээ харуулах гэж хичээж.

Дуунд

“Чамайг тэмцэх гэхэд тэд энэ бол хүчирхийлэл гэж бувтнана.

Энгэр султай хүүхэн шиг энэ улс оронд би тэнэгүүдийн тэргүүн эгнээнд зогсоно. Өөдгүй амьтад, тэнэгүүд хаа сайгүй.

Өршөөл энэрэлийн тухай март..” хэмээн үглэнэ.

Ай Вэйвэй ирэх зургадугаар сард анх удаа цомог гаргах гэж байгаа аж. Цомгийн нэр нь Divine Comedy.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн цахим ертөнцөд тарсан энэхүү хүнд метал урсгалын “Dumbass” буюу “Тэнэг” хэмээх дуу нь дээрх цомгийн эхний дуу юм.

Дууныхаа тухай Ай Вэйвэй “Үнэндээ энэ дуу миний тухай дуу биш харин шоронгийн тухай. Энэ бол төр засаг иймэрхүү хяналт тогтоож, түүгээрээ бүхнийг номхруулахыг оролдож буй тухай.

Ай Вэйвэй дуунуудынхаа үгийг нэг өглөө л бичжээ. Тэр рок хөгжим­чин, контемпорари уран бүтээлч найзаасаа дууны хөгжим бичихийг хүссэн байна. Зургаан дуунаас бүрдэх анхны цомгоо Ай Вэйвэй зургадугаар сарын 22-нд шоронгоос суллагдсаны хоёр жилийн ойгоор гаргахаар төлөвлөжээ.

“Тэнэг” клипний зургийг  Хонконгийн кино найруулагч Вон Карвай­тай олон бүтээл дээр хамтарч ажил­ласан Кристофер Дойль, най­руу­­лагч Жан Имоу нар авсан байна.

Клипний зураг авахын тулд Ай Вэйвэй студийнхээ хажууд шоронгийн камерыг яг дуурайлган “шорон” барьжээ. Ай Вэйвэй “Бээжин дэх тэрс үзэлтнүүдийг хорьдог жинхэнэ шорон маш чанга дэглэмтэй” хэмээн ярьжээ.

Таван минутын энэхүү видео клипэнд шорон дахь уйтгартай, дуусашгүй урт өдрүүд, хоригдлын хооллож, хүндэрч, унтаж байхад ч нүд цавчилгүй харах хуягууд (үнэн хэрэгтээ жинхэнэ хоригдол) гардаг. Гэнэт үзэгдлүүд хуягуудын хийсвэр­лэлээр солигдоно. Энд Вэйвэй үсээ хусан уруулаа час улаанаар будсан янхан хүүхэн болж хувирч байна гээд та төсөөл дөө. 

Дууг яг ч металлик гэж хэлэхээр­гүй. Зарим хүмүүс авангард рок ч нэрлэж болох юм.

Ай Вэйвэй “Би энэ дууг хүнд метал урсгалд хамаарна гэж хэлснийхээ дараа хүнд метал гэж яг юуг хэлдгийг судалсан. Гэтэл бурхан минь тэр чинь огт өөр юм байна лээ. Тэгэхээр Хятад маягийн хүнд метал гэж нэрлэвэл болох байх” гэжээ.

Ай Вэйвэйг баривчилсан цагдаа нар түүнд  “Чи эрх чөлөөг хүс­сэн. Харин үүнийг чи амиараа төлөх болно” хэмээн сануулсан аж. Шоронд өнгөрүүлсэн хугацаа түүний амьдралд арилшгүй ул мөр үлдээсэн хэмээн Ай Вэйвэй ярьсан байна. Түүний гэр бүл, найз нөхөд одоо ч тэрхүү аймшигт хар дарсан зүүд шиг өдрүүдийг мартаж чадахгүй байгаа юм. Шоронгоос суллагдсаныхаа дараа Ай Вэйвэй “боломжгүй” зүйлийг хийх хүсэлд автжээ. Тэр нь энэхүү эрх баригчдад зориулсан бэлэг аж.

Эцэст нь тэрээр “Би залууст хүн болгон дуртай үедээ дуулж болно” гэдгийг харуулахыг хүссэн хэмээн хэлсэн байна.

Ай Вэйвэйг Хятадын хууль сахиулагчид шоронгоос сулласан ч түүнийг пасспортыг барьцаалж, Хятадаас гарч явахыг хориглосон юм. Харин одоо дахиад нэг тэрслүү дуу, клип хийсний дараа яах бол? “Харамсалтай нь”, Ай Вэйвэй хэнээс ч айхгүй бас огтхон ч “зүгээр” байж чадахгүй хүн юм даа…



Н.ЭНХТУЯА

Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №013

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж