
Нийслэлээс дангаж 100 км-ын зайтай Ибараки мужийн зам цунамигаас яг нэг сарын дараа дөрөвдүгээр сарын 11-нд зургаан баллын хүчтэй газар хөдлөлтөөр нурсан. Сүүлчийн газар хөдлөлтийн голомт нь хагас сүйрсэн “Фүкүшима-1” АЦС-ын дэргэд байсан юм. Өнгөрсөн мягмар гаригт станцын дөрөвдүгээр эрчим хүчний блокт дахиад л түймэр гарлаа. Японы Засгийн газар ослын үр дагаврыг арилгах ажил төлөвлөгөөний дагуу явж байна гэж дахин мэдээлж байлаа. Гэхдээ гэнэтхэн “Фүкүшима-1”-ийн аюулын төвшинг таваас хамгийн дээд долоо хүртэл нэмэгдүүлж, Оросын Чернобылийн станцын осолтой адилтгасан билээ.
Албан ёсны тайлбарт нь ослын эхний өдрүүдэд цацраг идэвхт бодисын хаягдал хэтэрхий их байсан гэв. Цацраг идэвхийн бохирдлын нийт цар хэмжээ нь 25 жилийн өмнө Чернобыльд гарсан ослын аравны нэгийн хэмжээнд байгаа юм.
Тэр үеэр Зөвлөлтөд ажиллаж байсан NHK телевизийн төв товчоонд ажиллаж байсан Кадзуо Кобаяси ярихдаа япончуудын засагтаа итгэх итгэл алдарч байна гэв. “Үнэлгээг өндөржүүлснээ тайлбарлахдаа тэд “Фүкүшима-1” станц нь Чернобыль шиг аюултай байгаагүй гэж хэлсэн юм. Тэгвэл тэд яагаад аюулын төвшинг нэмэв? Энэ нь ойлгомжгүй байна. Мөн их зөрөлдөөнтэй асуудал юм л даа” гэж тэрбээр хэллээ. “Фүкүшима-1” атомын цахилгаан станц хүртэл 30 км-ийн зайтай. Замд хулсан дэвсгэрт бичсэн бичиг тааралдана. Тэнд “Бидэнд атомын станцууд хэрэггүй”, “Тэд хүнийг хөнөөдөг”, “Тэднийг эндээс зайлуулаач” гэж бичжээ. Эндо-сан гэр бүлийнхээ хамт “Фүкүшима-1” станцаас 26 км-ийн цаанаа амьдарч байна. Эднийх цагаан будааны хоёр талбай. Нутагтаа томд орох байшин нь гамшгийн цохилтыг даван гарчээ.
Салхи “Фүкүшима-1” рүү үлээж байгаа ч хэмжилтийн багаж 1,4 микрозивертийг харуулж байгаа нь цацрагийн хэмжээ ердийнхөөс дөрөв дахин их гэсэн үг юм. “Өдрөөс өдөрт бид нүү гэсэн тушаал ирэхийг хүлээж байна. Бүх зүйл станцаас хамаарна. Гэтэл тямар нэгэн нааштай зүйл алга. Хүмүүсийг 40 км-ийн бүсэд нүүлгэнэ гэж ярьж байна. Олон хүнийг нүүлгэнэ гэдэг тийм ч амар эд биш гэж бодож байна. Тэнд амьдрах аргагүй болох юм. Байгаа бүгдээ хаях болох нь” хэмээн Эндо-сан өгүүлж байна.
АЦС-аас 44 км-ийн зайтай Иитато тосгонд радацийн төвшин 30 гаруй хувиар илүү байгаа. Гэхдээ хүмүүс төрсөн газраа орхих дургүй байна. Нутгийн нэгэн хөгшин нүүхийн оронд сайн дураараа амьдралаа орхив. Энд бүгд л армийн дэглэмд ороод байгаа юм. Цагаан будаа, мах, ногоотой шөлийг цэргийн ангиас зөөн тэднийг хооллож байна. Дүрвэгсдийн төвүүдийг ердийн сургуульд байрлуулсан бөгөөд хүмүүс спорт заалын шалан дээр амьдарч буй. Гэр бүл болгон өөрийн гэсэн амрах, унтах булантай.
Нэг ийм төв хорионы бүсээс 20 км-т байрлажээ. Ихэнх хүмүүсийн гэр орон бүтэн үлдсэн ч тэд цацраг идэвхт бодисоос айн гэртээ харьж чадахгүй байгаа ажээ.
“Юу хийхээ мэдэхгүй л байна. Бид энд сар шахуу боллоо. Байр өгтөл нь хүлээхээс өөр аргагүй. Бас газрын чичирхийлэлт тасрахгүй л байна. Саяхан ихээхэн хүчтэй газар хөдөлсөн. Аймаар. Хайшаа ч зугтах газаргүй” гэж Рэйко Оада гэх эмэгтэй ярив.
ХХ зууны Оросын олон уран зохиолын номыг япон хэлнээ буулгасан Токиогийн их сургуулийн профессор Мицуеси Нумано энэ байгалийн гамшгийг хүмүүсийн өдөөсөн далдын хүчтэй харьцуулаад бид цохилтод нь бэлэн биш байлаа гэжээ. “Энэ бүгд юунд хүргэхийг бид нэг л сайн ойлгож өгөхгүй байна. Минийхээр бол хүмүүс сэтгэлээр унаад эхэлжээ. Учир нь гарц харагдахгүй байгаа” хэмээн профессор Нумано хэлжээ.
Японд дахиад л газар хөдөлллөө. Салхи “Фүкүшима-1”-ийн бохирдолтой агаарыг далайн зүг үлээж байна. Гэхдээ салхины зүг чиг хэзээ ч өөрчлөгдөж магадгүй.
Ш.Мягмар