
2012 оны сүүлээс эхлэн 12 настай хүүгийн хоёр бөөр ажиллагаагүй болж, өвдөж эхэлжээ. 10 сараас огцом хүндэрсэн байна. Аав, ээж хоёр нь хүүгээ аваад Хөх хот, Бээжин хүртэл явав. Эцсийн эцэст БНСУ-д хагалгаа хийлгүүлэх, аав нь хүүдээ бөөрөө өгөхөөр шийдээд байж байтал амьдрал дахин нэг хатуу цохилт илгээсэн байна.
Донор болох гэж байсан хайрт эцэг нь зуурдаар таалал төгсчээ. Энэ гэрийн ноён нуруу болсон хоёр сайхан залуугийнх нь нэг нь үгүй болж, нөгөө нь үхлийн ирмэг дээр ирнэ гэдэг Л.Батчимэгт ямар хүнд байсныг төсөөлөхөд ч бэрх юм. Өвчтэй хүүгээ тэврээд үлдэхдээ хүн гэгч зовлон даадгийн үгээр “Ямар нэгэн аргаар хүүгээ эмчлүүлнэ дээ” хэмээн алтан шарил дээр нь андгайлж зогсчээ.
Ингээд ажил явдлын дараагаас хүүгийнхээ төлөө бүх боломжоо дайчилсан байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүүдээ туслах аян өрнүүлэв. Олон ч томоохон байгууллага руу хандан хандив тусламж гуйлаа. Мессеж хандивын аян ч давхар явуулжээ.
Мессежээр хандив ирж байгаа ч хаанаа ч хүрэхгүй байлаа. Нутгийн олон, сайн санаат хүмүүсийн хандив нэлээдгүй цугласан ч бас л мөнгө нь хүрэлцэхгүй байв. Компаниудын дийлэнх нь “боломжгүй” гэсэн хариу өгч байв.
Хүүгийнх нь бие улам дордсоор. Бөөр нь ажиллаагаагүй болсноос шингэнээ гадагшлуулж чадахаа байж 12-хон настай энэ балчир жаал 84 кг хүртлээ “хөөсөн” байна.
Ингэж байтал “Жигүүр гранд” группийн хамт олон тусламжийн гараа сунгаснаар үүрэн телефоны компаниудын мессеж зарын мөнгө, мөн сайн санаат хүмүүсийн ачаар цугласан бүхнийг нэгтгэн БНСУ-ыг зорьсон байна.
Хагалгаа хийлгэх эмнэлэг дээрээ очоод хэрэг зоригоо хэлэхэд эмч нар нь:
-Танай монголчууд хандив цуглуулж тусалсан гэж үнэхээр үнэн гэж үү? хэмээн итгэхгүй байсан гэнэ.
-Манай монголчууд нэг нь 500 төгрөг, нөгөө нь 1000 төгрөг өгсөөр бидэнд хагалгаатай хангалттай мөнгө өгсөн гэжээ. Сайтар итгэж өгөхгүй байсан солонгос эмч нар ээж, хүү хоёрыг тус тусад нь ярилцлагад оруулж байж “итгэсэн байна”.
Энэ удаад ээж нь хүүдээ донор болж, бөөрөө өгөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн байлаа. Хагалгаа таван цаг орчим үргэлжилжээ.
Хагалгааны өрөөнөөс сэхээн амьдруулах руу шилжих хүмүүс ихэнхдээ өвдлөө, хавдлаа хэмээсээр орж ирдэг бол Жигүүр хүү хамгийн түрүүнд “Ээж ээ, шээлээ” гэсээр угтжээ. Ээжийн бөөр хүүд маш сайн таарсан ба хүү илаар болсноор хоёр хоногийн дотор 30л шээс гадагшлуулжээ. Одоо ээж, хүүгийн биеийн байдал маш сайн байна.

“Хүү маань аавынхаа мэргэжлийг өвлөж, онгоцны нисгэгч болно гэдэг юм” гэсээр ээж Л.Батчимэг нь бидний угтсан юм. Мөн Жигүүр хүүгийн дүү гэж сэргэлэн жаал биднийг бас угтсан.
-Хүү тань өвдсөн, үүний хажуугаар уй гашуу тохиолдоод хувь тавилан хатуу загнажээ. Сэтгэлийн зовлон хамгийн хэцүү гэдэг.Гэхдээ та даван туулж чадсан байна…
-Өнөөдөр хүүтэйгээ, хүүхдүүдтэйгээ аз жаргалтай байна. Энэ аз жаргалын эх булаг миний ард түмэнтэй салшгүй холбоотой.
Өнгөрсөн 10-р сараас эхлээд их хэцүү байлаа. Хүү маань өвдөөд, эмчилгээгүй гээд их олон асуудал үүссэн. Хүнд нэг ирэхээрээ олон зовлон ирдэг юм болов уу л гэж бодох юм. Одоо ингээд бодоод байхад тэр болгоноо даван туулж чадлаа. Хүн жаргал даахгүй зовлон даадаг гэж үнэн юм байна. Хүү маань муу байхад хүртэл хань маань өнгөрсөн. Айл гэрийн ноён багана хугарахаар их хэцүү байсан. Ханийгаа нутаглуулаад ажил явдал дээр нь зогсож байхдаа “Хүүгээ ямар ч байсан эрүүл саруул болгож чинийхээ мэргэжлийг өвлүүлж сайн хүн болгож өсгөнө” гэж өөрөө өөртөө ам тангараг өргөсөн. Ажил явдал өнгөрсний дараагаар нэг хэсэг ямар гарц байдаг юм бол гэж их бодсон. Нэг өдөр Нарантуул зах орж жаахан юм цуглуулчаад явж байгаад “Жигүүр Гранд” компанийн урдуур өнгөрч яваад “Хүүтэй маань адилхан нэртэй юм байна. Гомдлын мөр өргөдөл өгөөд үзье” гэж шийдсэн. Өргөдөл өгснөөс хойш сар хэртэй болсон. Тэгээд л “За ер нь байгууллагууд ч хэцүү юм байна” л гэж бодсон. Оюу толгой, Таван толгой гээд л хандаагүй том компани үлдээгүй. Сүүлдээ за ямар ч байсан Солонгос явах замын зардлаа цуглуулаад л “Хагалгаанд заавал оруулна” гээд л очоод хэвтчихье. Өөрөө барьцаанд нь үлдье ч гэж хүртэл бодсон. Найдлага тасраад сууж байтал нэг өдөр “Жигүүр гранд” компаниас яриад 15 сая төгрөг хандивлахаар боллоо гэж хэлсэн. Миний хүүд аав нь ямар хувь тохиолоор “Жигүүр” гэдэг нэр өгсөн юм байгаан гэж манай гэр бүл, найз нар их билэгшээдэг. Монголын ард түмэн маань их сайхан хүмүүс юм. Ард түмнийхээ буянаар л би хүүгээ авч үлдэж чадлаа.
-Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нь хэрхэн явагдсан бэ?
-Эндээс Солонгос руу нисч байхад ханьтай маань хойно хамт сурч нисгэгч Энхжаргал онгоцыг жолоодож явж таарсан. Энхжаргал “Аавынхаа онгоцоор Солонгост ирлээ. Миний дүү ямарч байсан эдгээд буцна шүү” гэж хэлсэн нь маш их урам өгсөн.
Очсон шөнөдөө хүүгийн маань бие муудаад сэхээнд орсон. Эхлээд надаас бөөр авах хагалгаа явагдсан. Шилжүүлэн суулгах бөөрөө бэлэн болгосны дараа хүүд минь хагалгаа хийсэн. Хоёр хагалгаа нийтдээ 4 цаг 30 минут үргэлжилсэн. Хүү маань одоо эрүүл саруул болсон.
Ээж Л.Батчимэгийн ярианаас гадна Жигүүр хүүгийн сэтгэгдлийг ч та бүхэнд хүргэх нь зүйтэй байх гэж үзлээ.
-Хагалгааны өмнө ба хойно биеийн байдал нь ямар байсан бэ?
-Амьсгаа давхцаад, толгой өвддөг, шээхгүй олон хонохоор амнаас нь шивтэр амтагддаг. Их хэцүү байсан. Хагалгаанд ороход бол өвдөөгүй ээ. Хагалгааг маш сайн хийдэг юм байна лээ. Хагалгааны дараа харин шээс нь их хүрч байсан. “Шээлээ” гэж хэлэхээр солонгос эмч нар нь ойлгохгүй, дагаж “шээлээ” гэж хэлээд ойлголцоход хэцүү байсан. Одоо бол миний бие маш сайн байгаа.Бидэнд тусалсан бүх хүмүүст маш их баярлаж байгаа. Сайхан сэтгэлтэй энэ хүмүүст баярласнаа илэрхийлье гэсэн юм.
Нэг нэгнээ хайрлаж, тусалж дэмжиж гэмээн амьдрал утга учиртай болдог нь энэ буюу. Та бидний тус өчүүхэн бага мэт санагдах ч олон горхи нийлж, далай бий болдгийн адил энэхүү гэр бүлд үгээр хэлэхийн аргагүй тус дэм хүргэснийг бид нүдээр харлаа.
“Жигүүр гранд” группийн хамт олон энэхүү гэр бүлд тусламжийн гараа сунгасан Монголын мянга мянган хүний төлөөлөл болж өнгөрсөн хагас сайнд эргэж очлоо. Цаашид ч Монголын мянга мянган хүний төлөөлөл болж эргэж тойрч, байнгын холбоо харилцаатай явна гэдэгт итгэлтэй байж болно.