Д.Түвшинсайханы &#34аниргүй хөгжим&#34

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Д.Түвшинсайханы &#34аниргүй хөгжим&#34

Удирдаач Д.Түвшинсайхан чуулгаа удирдан хөгжим тоглуулж, байнга л үзэгчдийн эсрэг харж зогсдог. Морин хуурч, хөгжмийн зохиолч, найруулагч, Морин хуурын чуулгын удирдаач тэрбээр “Аниргүйн хөгжим” тоглолтоо үзэгчдэдээ хүргэхээр тэдний өөдөөс эгцлэн харав. Тоглолтоо өөрөө хөтөлсөн. Тэр нь ч дээр байж. Өөр хэн нэгэн хөтөлсөн бол хөгжмийн зохиолчийн хэлэх гэсэн санаа бүрэн гарахгүй байсан байж ч мэдэхээр. “Аниргүйн хөгжим”-ийг бүхэлд нь аваад үзэхэд хөгжмийн зохиолч шинэ бүтээлүүдээрээ асуудал хөндөж, үзэл бодлоо илэрхийлжээ.
Үгэн буу барихаас аргагүйд хүргэсэн яасан цөвүүн цаг вэ хэмээн шүлэглэсэн яруу найрагч З.Түмэнжаргал агсны шүлэгт хийсэн романсаа хамгийн эхэнд сонсгосон юм. Харин араас нь “Аргусан хуур” хэмээх гэгээлэг, өөдрөг үг, хөгжимтэй бүтээлээрээ үзэгчдээ аргадан учирласан. Эдгээр романсыг нь Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Б.Жавхлантөгс дууллаа. Залуу дуучны хоолой зөөлөн цэвэрхэн өнгөтэй сайхан баритон. Д.Түвшинсайхан зохиолуудаа, дуулах дуучдын тухай тайлбарлан хөтөлж байхдаа “Өөрийнхөө бодсоныг хүнд хүргэх миний хувьд хамгийн хүнд ачаа юм” гэж хэлж байсан.

Нутгийнхаа, Өвөрхангайн уугуул, ДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболдоор “Аниргүйн хөгжим”, “Хуурын эгшиг” гэсэн хоёр романсаа дуулуулсан. “Хуурын эгшиг”-ээ тэрбээр өдгөөгөөс зургаан жилийн өмнө буюу Морин хуурын чуулга байгуулагдсаны 15 жилийн ойд зориулж бичсэн ч дуучнаа олохгүй яваад байсан аж. Харин одоо олжээ. “Аниргүйн хөгжим” нь мөн л З.Түмэнжаргалын шүлэгт хөгжим хийсэн, өнөөгийн нийгмийг бохир, болгоомжтой байхгүй бол юу ч тулгаж мэдэх цаг үе гэсэн өнгө аяс бүхий үгтэй, түүнд нь ч зохицсон хөгжимтэй романс болж. Түүнийг болон энэ үдэш эгшиглэсэн бусад зохиолыг нь сонсоод байхад хөгжмийн зохиолч Монголын одоогийн нийгмийн хар бараан, сүүдэртэй талыг илүү тусгасан, шүүмжилсэн өнгө аястай бүтээлүүд голдуу туурвижээ гэхээр байлаа. Гэхдээ энэ үдэш сонсгосон бүх дууны болоод хөгжмийн бүтээл тийм байгаагүй л дээ. Х.Лхасүрэнгийн шүлэг “Харз ус”, Ш.Чимидцэеэгийн шүлэг “Бодлын түрүүнд”, Х.Лхасүрэнгийн  “Навч шүүдэр хоёр”, А.Эрдэнэ-Очирын “Аз жаргалтай хүн”, С.Болдын шүлэгт хийсэн “Алсын алсад” зэрэг романс нь гэгээн, хайраар дүүрэн бүтээлүүд юм.

Романсуудыг үзэгчдэд анхлан хүргэсэн дуучид бол ДБЭТ-ын гоцлол дуучин гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, дуучин Б.Жавхлантөгс, ДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Энхтайван, Р.Доржхорлоо, Г.Шижирболд нар байлаа. Ийм чадвартай, ийм гайхалтай гоё дуучид өнөөдөр Монголын хамгийн бага цалин авч ажиллаж байна. Тэглээ гэж гоншгонохгүй сард гурваас дөрвөн дуурийн гол болон туслах дүрд дуулж, Монголын сонгодог урлагийн их ачаанаас тэнхээ мэдэн үүрэлцэж явна. Энэ хүмүүс сарын 440 мянган төгрөгийн цалинтай байх уран бүтээлчид мөн байна уу, энэ дэвшүүлэх ёстой асуудал биш үү хэмээн нэг бус удаа тайзнаа хэлж байлаа. “Аниргүй хөгжим” тоглолтоор анхлан эгшиглүүлсэн эдгээр шинэхэн романс буюу үглэл дуунууд, Д.Түвшинсайханы хөгжмөөр болон үгээр дэвшүүлж байгаа асуудлууд нь хувь уран бүтээлчийн зүгээс амьдарч буй нийгмийнхээ гүн рүү өнгийсөн, хуримтлагдсан, засч залруулбал зохилтой асуудлуудыг ил гаргаж тавих гэсэн тоглолт боллоо. Тийм болохоор “Аниргүйн хөгжим”-ийг нь хөгжмийн зохиолчийн асуудал хөндсөн тоглолт гэж болохоор. Энэхүү тоглолтыг тасалбараар үзүүлээгүй. Үзсэн хүн бүр сэтгэлээсээ хандив өргөсөн юм. Цугласан мөнгийг хөгжмийн зохиолч залуу Энэтхэгийн “Гоман” дацанд шавилан сууж буй монгол лам нарын шинээр барьж буй байшингийн зардалд хандивлана. Тоглолтод ирсэн үзэгч бүр сэтгэлийн өргөлөө өгсөн. Буян болох буй за.

Р.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж