Цагаан суваргын дүүрэн сартай үдэш

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Цагаан суваргын дүүрэн сартай үдэш

Өглөөний нарыг тосон өмнийн цэнхэр говийг зорив.

Зуны
эхэн сар дундаа орж байгаа хэрнээ намар цаг шиг үнэгэн шар салхи энгэр
задгайлж, өнжмөл өвсний толгойг бөхөлзүүлэх аж. Газар дэлхий  өнгөө засч
амжаагүй, өнгөрсөн жилийн  борог өнөө зуны нялх ногоотой өнгө
сүлэлдэнэ. Гандуу, харваас зун оройтжээ гэмээр. Замд тааралдсан Төв
аймгийн Сэргэлэн сумын малчин залуу “Цасны хур чийг бол чамлахааргүй
байгаач сэрүүдээд ногоо ургахгүй байна. Өглөө оройдоо бүр ч  хүйтэн
байна” гэж ярьж байна билээ.

Сэргэлэнгийн Салхит ууланд баригдаж
байгаа салхин цахилгаан станцын ажил ид дундаа. 50 МВ-ын хүчин чадалтай
энэ салхин  цахилгаан станц  ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим
хүчний хэрэглээний  таван хувь орчмыг хангана гэж байна. Үүнийг багцаалж
үзвэл наад зах нь 100 мянган өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахад
хүрэлцэнэ гэж бодохоор хэр хэмжээ нь төсөөлөгдөх байх. Салхин сэнсний
өндөр нь 80м, өлийж хармаар өндөр эд аж. Цааш явах замд энэ паркийн сэнс
ачсан хоёр машинтай тааралдсан. Үнэхээр аварга эд юм. Тусгайлан бэлдсэн
урт чиргүүл бүхий машинд нэг л сэнс ачсан байна билээ.

Салхит
салхин станцаас урагшхан хөндийд төмөр замын долдугаар зөрлөгийн
дэргэдхэн Хятадын хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр баригдана гээд
бараа сүр муутайхан хашаа байна. Хашаа ч юу байхав дээ, эргэн тойрон
ухсан газраар тусгаарлагдсан том талбайд хэдэн гэр салхинд бөмбөрч,
өмнөх өдрийн  шуурганд нурсан гэрээ барих гэж хэдэн таваариш мунгинах
аж. Өөрөөр тэнд ажил өрнөж байгаа шинж алга. Нутгийн иргэдийн ярьж
байгаагаар аль 2009 оноос л сүр дуулиантай эхэлсэн энэ ажил одоо хүртэл
барьсан барилга ч үгүй, тавьсан суурь ч үгүй байгаа гэнэ. Тэнд очлоо.
Эргэн тойронд нь хоёр гурваар нь эгнүүлэн гүнзгий шан татжээ. Татсан
шангийн гүн нүхэнд ус тунасан, хүн мал ойртохын аргагүй мэт. Хүний хүн
гэдэг газар шороонд минь ийм хайрлах сэтгэлгүй хатуу ханддагийг  эндээс л
анзаарч болмоор. Монгол хүн бол арай ч ингэхгүйдээ гэсэн харуусал
төрнө. Тэнд байгаа нэг хятадын хэлснээр бол үйлдвэрээ барьсны дараа тэр
нүхнүүдэд мод тарина гэж байна лээ. Барилгынхаа суурийг ч ухаж чадалгүй
өдий жил болсон тэднийг мод тарина гэхээр нэг л үнэмшилгүй санагдсан.
Тэр хавийн малчдын амны ус, зөвхөн тэр хэсэгт л байдаг малын хужир
марааг нь хүртэл нутгийнхнаас нь булааж тойруулаад нүх ухчихсан байна
билээ. Энэ арай л ахадсан давралт  баймаар. Хужирссан мал тийшээ зүтгэж
унаж үхчих гээд төвөгтэй гэсэн. Баригдаагүй, магадгүй баригдах ч үгүй
байж мэдэх тэр үйлдвэрийн харуул хамгаалалт гэж чанга. Хэдэн гэр, намхан
төмөр сэндвич байр төдийхэн. Тэнд нь харуул гэх халамцуу эр улс төр
ярьсан шиг, хятадуудын “буянд” болж  бүтэж байгаагаа буруу зөвгүй 
“бурсан” шиг сууна билээ. Энэ үйлдвэрийн эргэн тойрон хийгээд урд газрын
цемент тойрсон асуудлаар  маргаашийн дугаарт дэлгэрэнгүй өгүүлэх учир
ингээд түр өндөрлье.

Босоо тэнхлэгийн засмал замаар хэдхэн цаг
давхиад л Говьсүмбэрт ирлээ. Энд ирэлгүй хэдэн жилийн нүүр үзжээ. Сумын
төв өнгө засч, энд хөгжил хөдөлгөөн өрнөж байгаа нь илт анзаарагдам.
Өмнөх нийгмийн үед оросуудаас үлдсэн орон сууцны таван давхар
барилгуудаа балгас болго­чихсон байсан нь саяхных. Тэд­нийгээ дахин
засварлаж, орчин цагийн сайхан байрнууд болгочихсон, авто болон явган
хүний засмал зам нэлээдгүй барьж байгуулсан байна. Гэм нь засмал зам
дээгүүр нь элс шуурсан хэвээр. Тэр нь мод тарих, хотоо ногооруулах ажил
орхигдсоных. Жанжин Чойр нэгэн үе аж үйлдвэрийн парк, эдийн засгийн
чөлөөт бүс болох тухай түлхүү яригдаж байсан ч тэгсхийгээд мартагджээ.
Чойроос Дундговийн Өндөршилийг зорьж шороон замаар тонгочуулж өгөв. Уг
нь тал газар, зам тийм ч бартаатай бус. Гэхдээ хүн гэгч аливаад амархан
дасдаг ажээ. Засмал зам бидний амьдралын хэм хэмжээг хэдийнэ илэрхийлэгч
болсныг энэ зуур эрхгүй анзаарлаа.

Газрын өнгө гандуу хэвээр,
тэртээд зэрэглээ тонгочиж, халуун салхи  хайр найргүй үлээх аж. Зам зуур
ойр хавьдаа айл малын бараагүй, хааяа хэдэн цагаан зээр салхи сөрөн
давхилдана. Алсад өвөлжөөндөө байгаа хэдэн цагаан гэр л зэрэглээнд
өндийж буух шиг ойж харагдана. Өвөлдөө энэ нутгаар цасархаг байсан
бололтой. Хэсэг хэсэгхэн газраараа хотгор жалга дагасан нялх ногоотой.
Өндөршилээс цааш хагас зуун км яваад л газрын байдал өөрчлөгдөөд ирнэ.
Цөлжүү шинж давамгайлж, эзэнгүй эль хуль тал үргэлжилж, нялх ногоо
байтугай өнгөрсөн жилийн борог өвс ч нүдэнд торох нь бараг үгүй.
Дорноговийн Мандах сум эргэн тойрон хадан цохио чулуугаар хүрээлэгдсэн
суурин аж. Энд цахилгаан станц үгүй, нар салхины хосолмол эх үүсвэрээр
эрчим хүчээ авдаг ч хэрэглэгчдийн шаардлагад хэр чадал нь хүрэлцдэггүй
гэх гомдлыг өмнө нь сонсч байсан удаатай. Алс дайд энэ сумынхны ард
иргэдийн хувьд аврал нь Цагаансуваргын зэс молибденийн баяжуулах 
үйлд­вэр болоод байгаа гэсэн. Учир нь энэ төслийг хэрэгжүүлэгч “МАК”
компани сумыг өндөр хүчдэлд холбох,  орон нутгийнхныг ажлын байраар
хангах, тэр ч бүү хэл хадан цохион дунд хашигдаад тэлж чадахгүй байгаа
сумын төвийг нүүлгэх асуудлыг судалж байгаа гэсэн. “МАК”-ын хэрэгжүүлж
буй Цагаан суваргын зэс-молибденийн баяжуулах үйлдвэрийн төсөл 
говийнхон байтугай Монголын эдийн засгийн бас нэг зүтгүүр болно гэдгийг
дурдах хэрэгтэй байх. Үүнийг бид “Монголын говийн ГОК” хэмээн нэрлэмээр
санагдсан. Хэмжээ царынхаа хувьд ийм том төслийг хувийн компани бор
зүрх, боломж хүчээрээ хэрэгжүүлж байгааг харахад үндэсний
үйлдвэр­лэгчиддээ үнэхээр хүндэтгэл илэрхийлмээр санагд¬сан шүү. Илүү
дутуу бодол, элдэв  улс төр, хуйвалдаан хуйрагналаас хол, гагцхүү хийж
хэрэгжүүлэхийн төлөө зорьж зүтгэсэн тэд маань эрийн цээнд хэдийнэ
хүрснийг энд илүүтэй анзаарлаа.

Цагаан суваргад очсон орой шинийн
15-ны дүүрэн сар тэнгэрийн хаяанд мандахад хажууд байсан нэгэн манай
үйлдвэр удахгүй энэ сар шиг л дүүрээд ирнэ дээ хэмээн жишиж хэлсэн.
Санаандгүй хэрнээ онож хэлсэн түүний энэ үг чихний хажуугаар
өнгөрсөнгүй. Ашдын бэлгэтэй сайхан зүйрлэл шиг санагдсан шүү.

Цагаан
суварга Улаа­нбаатараас 550 км, Мандах сумаасаа урагш 75 км-т оршдог,
нар ээж, салхи хүүгэсэн эль хульхан нутаг. Гэвч энд удахгүй уурхайчдын
хот сүндэрлэж, амьдрал өрнөж, ажил буцална. Эндхийн зэс молибденийн
баяжуулах үйлдвэрийг 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар
төлөвлөж байгаа.  Жилдээ 300,000 тн зэсийн баяжмал үйлдвэрлэж экспор­тод
гаргахаас гадна 1160 орчим хүнийг ажлын байраар хангана. Эрдэнэт,
Оюутолгойн дараа ашиглалтад орох зэс молибденийн баяжуулах гурав дахь
том үйлдвэр энэ болно.Гэхдээ 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай. Ажил
одоо ид өрнөж байна. Энэ аварга төслийн тухай дараа дэлгэрэнгүй нийтлэх
болно.

Цагаан суваргаас буцах замдаа бид Чойр, Даланжаргалан,
Айраг орчмын  уул уурхайн үйлдвэрүүдтэй цухасхан танилцсан. Эх орны энэ
бүс нутаг бүтээн байгуулалтын бас нэг том район болж байгааг анзаарахад
таатай. Монгол маань хөгжиж байна. Бүр хөдөө хотгүй гэсэн омгорхол огшиж
байна билээ. Эх орныхоо хөгжлийг нийслэлээр төсөөлдөг нэгэнд хөдөө
нутагт хөллөж буй үндэсний том том үйлдвэрүүд эрхгүй нэгийг бодогдуулах
юм билээ. Даланжаргалан сумаас холгүй Хөхцавын цемент шохойн үйлдвэр
гэж  том төсөл хэрэгжиж байгаатай таарав. Энэ төслийг хэрэгжүүлэгч мөн л
“МАК” юм билээ. Энэ үйлдвэр жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ.
Үйлдвэрээ түшиглээд жилдээ 200 мянган тонн шохой үйлдвэрлэнэ. Шохой нь
зэс молибденийн баяжуулах үйлдвэрийн нэн хэрэгцээт түүхий эд болдог.
Хөхцавын үйлдвэр Оюутолгой, Цагаансуваргын баяжуулах үйлдвэрийг
шохойгоор ханга­хаар төлөвлөж байгаа юм байна.

Цемент бол
стратегийн бүтээгдэхүүн. Ялангуяа түүний түүхий эд болох шохойн чулуу,
гөлтгөнө нь стратегийн түүхий эдэд тооцогддог. Гэсэн хэрнээ цементийн
үйлдвэрийг стратегийн салбарт оруулахаа манай хууль тогтоогчид
“мартчихсан” юм билээ. Ингэс­нээр урд хөршийн чанаргүй цементнээс  эх
орны бүтээн байгуулалт хамааралтай болчихсон энэ нэг урвуу хамаарлыг энд
дурдалгүй өнгөрч төвдсөнгүй.

Цагаан суваргын баяжуулах үйлдвэр
хийгээд Хөхцавын цементийн үйлдвэрийн аль аль нь эдүгээ дэлхийд тэргүүлж
байгаа хамгийн сүүлийн үеийн шилдэг техник технологиор хийгдэж байгаа
гэсэн. Хөхцавд уулзсан инженер эр “Эзэн хүний сэтгэл гэдэг заавал
шилдгийг нь л сонгодог” гэсэн нь нэгийг бодогдуулж байна билээ. Энэ бол
манай үндэсний үйлдвэрлэгчдийн нэг зарчим байх хэмээн бодогдсон.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж